Монгол Чацаргана
Чацаргана жимс нь биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодисыг хамгийн зохист харьцаагаар өөртөө агуулсан эмчилгээний 10 хүнсний нэгд ордог
Эртнээс уулын жимс түүж, иддэг байсан Монголчууд өөрсдөө тарьж, ургуулсан түүх, туршлага тийм ч зузаан биш. Гэхдээ хагас зуун жилийн өмнөөс таримал жимсний анхны станц байгуулж, үр суулгац бэлдсэн түүхтэй. “Ургадаг” алт хэмээн нэрлэдэг энэ жимс Монгол орны эрс, тэс уур амьсгалд гойд зохицдог. Чацаргана жимс нь биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодисыг хамгийн зохист харьцаагаар өөртөө агуулсан эмчилгээний 10 хүнсний нэгд ордог байна. Манай орны зэрлэг чацарганы найрлага нь бусад оронд ургаж байгаа чацарганы найрлагаас биологийн идэвхит бодисын агууламжаараа хамаагүй илүү байдгийг судалгаагаар баталсан гэж судлаачид ярьж байна. Монгол нутагт ургадаг чацарганы онцлогийн тухай Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал ийнхүү ярьж байна.
Д.Насанжаргал: Чацаргана гэдэг жимс бол манай орны унаган ургамал юм. 1934 оноос Орос улсад анх тарималжуулаад дэлхий дахинд, байгалийн чацарганы селекцийн суурин дээр тулгуурлаж таримал жимс гаргаад ургац арвинтай болгох сортуудыг баяжуулах ажил хийгдсэн. Манай улсад бол 1960-аад оноос эхлэн таримал чацаргана тариалах ажил эхэлсэн. 2010 онд Монгол улсын засгийн газар чацаргана жимсэнд ач холбогдол өгч тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд 6000–аад га д чацаргана тариалагдаж байна мөн байгалын чацаргана 13,5 мянган га д ургаж байна гэсэн судалгаа байгаа. Монгол улсад ургадаг чацаргана жимс бусад орноос найрлага бүтэц ургац, амьдрах чадвараараа онцлог байдаг. Манайд Чацарганаас хоёр үндсэн бүтээгдэхүүн гаргаж авч байна. Цэвэр шүүс, Тос, тос нь бол дотроо зөөлөн эдийн тос, үрийн тос гэж гаргаж авч байгаа. Монголд 40 гаруй үйлдвэр цехүүд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед өндөр технологитой Хаан жимс компаний Хуба Хаяа нэрийн бүтээгдэхүүнтэй, Живэртийн оргил компаний Шар доктор нэрийн бүтээгдэхүүнтэй гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манайх жилдээ 3000 гаруй тонн жимс хурааж авч байгаа. Мөн Чацарганы цэвэр шүүс хоёр төрлийн тосыг Япон Солонгос гэх мэтийн улсуудруу бага хэмжээгээр туршилтийн журмаар экспортолж байна. Ер нь дэлхий даяар чацарганы бүтээгдэхүүнийг сонирхох сонирхол нэмэгдэж байгаа.
Чацарганы цэвэр шүүс болон түүний тос хоёроос гадаад зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй нь үрийн тос юм. Үрийн тосонд Кальци, Фосфорын шингээлтийг дэмждэг Витамин E, Цус асгаралтын эсрэг Витамин K, Бодисын солилцоог дэмжих Фосфолипид, Ходоодны шархлаанд тустай Β-ситостерол D-глюкозид байдаг бол жимсний тосонд эдгээр нэгдлүүд байхгүй бөгөөд үрийн тос нь Омега 3, 6 гэх мэт хэрэгцээтэй тосны хүчлүүдээр жимсний тосноосоо илүү баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Мөн Чацаргана жимсний нэг литр үрийн тосыг дэлхийн зах зээлд 150 ам.доллараар худалдаалдаг байна. Эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан Монгол улсын зөвлөх инженер П.Одонмажигаас чацарганы үрнээс тосыг хэрхэн ялгадаг талаар тодруулсан юм.
П.Одонмажиг: Зэрлэг чацарганы үрнээс тосыг ялгах өвөрмөц технологийг Тэсо корпорацийн мэргэжилтнүүд бий болгосон байна. Энэ технологи нь орчин үед их хэмжээгээр яригдаж байгаа өндөр даралтын Со2 буюу нүүрсхүчлийн хийгээр тосыг нь ялгах технологи нэвтрүүлээд тосыг гаргаж авч байна. Энэ технологийн онцлог нь тухайн үрэнд агуулагдаж байгаа, байвал зохих тосыг бараг 100 хувь хандлах өвөрмөц технологи. Олон улсын хэмжээний лабраторид шинжлүүлхэд их өндөр чанартай тос байгааг тогтоосон ялангуяа омега3 омега6 омега7 омега9 гэх хүчлүүдийг илрүүлсэн байна. Тиймээс энэ тос эмчилгээний дээд зэргийн чанартай тос болсон байна. Технолгийн нэг онцлог нь тосыг тув тунгалага болгосон янз бүрийн дулааны боловсруулалтанд өртөгдөдгүй өвөрмөц хүйтэн аргын технологиор гаргаж авсан учраас тосны чанар дээд зэргээр гарсан байна.
Чацарганы тос нь олон талын ач холбогдолтой. Чацарганы тосыг хүнсэнд хэрэглэхээс гадна эрүүл мэндэд ашиг тустай учир чацарганы тосоор өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг хийдэг байна. Мөн олон төрлийн өвчнийг анагаахад ашигладаг. Тухайлбал хоол боловсруулах болон амьсгалын зам, хөлдөлт, түлэнхий гээд өвчнийг анагаахад ач тустай бүтээгдэхүүн. Мөн дээрээс нь Япон улсын эрдэмтэд манай улсаас аваачсан шүүсийг дэмжих эмчилгээ маягаар хавдрын болон Сахрын өвчтэй мөн насны доройтолтой хүмүүс хэрэглэж үзсэн байна. Хэрэглээний дараа маш онцгой үр дүн үзүүлж байсан гэж Япон эмч нар илтгэл тавихдаа хэлж байсан байна. Мөн Монголын уламжлалт эмнэлэгт бол чацарганы бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж байсан ялангуяа тос жимсээр нь навчаар ходоод гэдэсний болон зүрх судасны өвчин арьсны өвчин болон цацраг идэвхит бодисоос хамгаалах маш өндөр үр нөлөөтэй гэж үзэж байгаа гэж Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал ярьж байна.
Цаашдаа бид дотоодын зах зээл дээр чацарганы бүтээгдэхүүнийг борлуулхаас гадна гадны сонирхогч улсуудруу экспортлох сонирхол түлхий байгаа. Манайхаас бол цэвэр шүүсийг гаргаад тухайн орон өөрсдийн гэсэн амталгаа, уудаг сонирхол, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүндээ хийгээд үйлдвэрлэх боломжтой хэлбэрээр нь, цэвэр шүүсийг экспортолж байгаа юм. Мөн нөгөө талаар чацарганы тосыг гоо сайхны чиглэлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг учир экспортлох сонирхолтой байгаа. Одоо засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд "Жимс Жимсгэнэ" хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд чацарганы боловсруулалтыг өндөр технолгиор боловсруулж импортлогч орнуудын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хийхээр зорьж ажиллаж байна. Монгол Японы засгийн газрын хооронд хийсэн эдийн засгийн түшлэлийн хүрээнд чацарганы тосны татварыг тэглэсэн мөн чацарганы шүүсийг системтэгээр тэглэхээр байгаа.
Жимс, жимсгэний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, тариалалт, боловсруулалтын технологийг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2011-2016 онд “Чацаргана” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнд чацарганы тариалалт дөрөв дахин нэмэгджээ. Түүнчлэн Монгол чацарганы нэр хүнд олон улсын тавцанд жилээс жилд нэмэгдэж байна. 2015 оны 11 дүгээр сард Энэтхэг улсад зохион байгуулагдсан чацарганы олон улсын 7 дугаар их хуралд Монгол улсаас их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс 20 гаруй төлөөлөгч оролцож, Дархан-уул аймагт хэрэгжүүлсэн байгалийн чацарганы тархалт, генетик нөөцийн судалгааны ажлаар илтгэл тавьсан нь амжилттай болж Энэтхэгийн Химачай Парадеш их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. 2017 онд олон улсын чацарганы холбооны 8 дугаар их хурлыг Монгол улсад зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан юм.
Үзсэн: 11164
Tweet