Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 17 уулчин амь эрсджээ
Отгонтэнгэр ууланд 27 уулчин авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 уулчин уулнаас бууж, 17 нь амь эрсдсэн юм
Отгонтэнгэр ууланд 27 уулчин авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 уулчин уулнаас бууж, 17 нь амь эрсдсэн юм. Монгол орны баруун бүсийн Завхан аймгийн төвөөс зүүн тийш 100 км-ийн зайд орших Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 өндөр өргөгдсөн бөгөөд 3752 м-ээс дээш мөнх цастай, авирахад ихээхэн техник шаарддаг бэрх оргилуудын нэг юм. Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 уулчин энэ сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханд хүрч 21-ний 16 цагийн үед оргилд нь гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан юм. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайдын зүгээс амь эрсэдсэн уулчдын гэр бүл, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийллээ. Эмгэнэлийн бичигт “Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдаж ар гэр, аав ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Түүнчлэн Монгол Улс дахь гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчдийн газар болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн бөгөөд Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калибек Кобландин эмгэнэл илэрхийлсэн байна.
Үзсэн: 2202
Tweet