Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2017” Монголчуудын түүх, уламжлалыг таниулна


Densmaa 2017-10-25 02:10

Морьтон Монголчуудын мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийг сурталчлах “Талын Түмэн Адуу”-н төвөргөөн 11-р сарын 4-5-нд Хэнтий аймгийн Батноров суманд болох гэж байна.

    Морьтон Монголчуудын мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах, гадаад, дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Талын Түмэн Адуу” арга хэмжээ ирэх 11-р сарын 4, 5-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд болох гэж байна. “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд Улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид 2,000 адуун сүрэгтэйгээ оролцох юм. Мөн ӨМӨЗО-оос адуучдын төлөөлөл ирж оролцох байна. Энэ удаагийн “Талын Түмэн Адуу”-н төвөргөөнд хүрэлцэн ирсэн дотоод, гадаадын жуулчид “Адуучдын Хээрийн цайллага”, адуун туувар, богино зайн бооцоот уралдаан, нутаг усандаа алдартай хурдан хүлгүүдийн танилцуулга, адууны зүс нэршлийн танилцуулга, хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адуун цуваа, Уран уургач шалгаруулах Шургуу-2017 тэмцээн, эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээнийг үзэж сонирхохоос гадна малчдын өвөлжөөтэй танилцаж, тал нутгийн тайга нохойн уралдаан, Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлагийн үзэсгэлэн, “Талын Түмэн Адуу” фото зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт зэргийг үзэх боломжтой юм.

    “Талын Түмэн Адуу” арга хэмжээг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хэнтий аймгийг зорих гадаад, дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгох, өвлийн улиралд адуу маллах Монголчуудын өв уламжлалыг хадгалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, орон нутагтын адуучдын авьяас, чадварыг алдаршуулах, түүнчлэн орон нутгийн малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохиож байгуулж иржээ.

Өмнөх жилүүдэд зохион байгуулсан арга хэмжээний ачаар “Талын Түмэн Адуу”-н төвөргөөнийг зорин ирэх жуулчдын урсгал бий болж, адуун соёлоороо бахархах бахархал, урам зоригийг залуу малчдад өгч, орн нутгийн иргэдийн амьжиргаанд ч тус дэмээ үзүүлсэн байна. Мөн өмнөх жилүүдийн Талын Түмэн Адуу төвөргөөнд мэргэжлийн болон сайн дурын олон зуун гэрэл зурагчид ирж оролцсон юм. Монгол адуу, адуун соёл хийгээд орон нутгийн байгалийн үзэсгэлэнг харуулсан фото зургууд нь дотоодын төдийгүй гадаадын хэвлэл мэдээллээр Монгол адуу болон нүүдлийн соёл иргэншлийг сурталчлахад хувь нэмрээ оруулжээ. Энэ жилийн Талын Түмэн Адуу арга хэмжээнд Өвөр Монголоос Одон ТВ, Шилийн Гол ТВ болон Бээжин хотын соёл урлагийн сувгийн сэтгүүлч, зураглаачид хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага бэлтгэх юм. Энэ нь Монголын тал нутгийн адуучдын өв соёлын мэдээлэл БНХАУ-н 50 сая үзэгчдэд хүрнэ гэсэн үг юм.

     Хэнтий аймгийн тухайд Монгол улсдаа төдийгүй дэлхийд дуурсагдах түүхэн нутаг учир аялал жуулчлал, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.

Харин Батноров сум нь 30,000 мянга гаруй адуутай,  Монголын Нууц Товчоонд нэр дурдагдсан,  эрт дээр үеээсээ мөнгөн эмээл, хазаарын “Тожил хийц”-ээрээ алдартай учир “Талын Түмэн Адуу” арга хэмжээг тус суманд зохион байгуулж иржээ. Түүнчлэн Батноров сум нь Монголын эзэнт гүрний Хубилай хааны үеэс ан гөрөөнд ашиглаж ирсэн цэвэр цусны Тайга нохойн голомт нутаг гэдгээрээ онцлог гэнэ.

Өнө эрт үеэс адууны нутаг гэж нэрлэгдэж ирсэн Батноров сум нь Монголын Нууц Товчоонд Наху баяны хүү, хүлэг Боорчийн нутаг хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Нутгийн домогт өгүүлснээр тус сумын Хөхүүрийн тал нутагт Тэмүүжин анх Боорчи баатартай учирч андын холбоо үүсгэж байсан түүхтэй ажээ.

Энэхүү түүхэн нутгийг зорин ирэх жуулчид, аялалчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2016 оны байдлаар тус аймагт 17,000 гаруй гадаад, дотоодын жуулчид ирсэн гэсэн судалгааг гаргажээ. Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдээлж байгаагаар ирэх жил энэ тоо 10 хувиар өсөх төлөвтөй байгаа юм байна. Аймгийн төдийгүй Монгол улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ дэлхий дахин таниулан сурталчилж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд “Талын Түмэн Адуу”-н төвөргөөн хувь нэмрээ оруулсаар байна.

 

Үзсэн: 3869

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна