Газрын тосны олборлолт 674.4 тэрбум төгрөг болж, 34 хувиар өсөв
Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд энэ онд шатахууны онцгой албан татварыг хоёр удаа нэмэхээр боллоо
2017 оны эхний есөн сард газрын тосны олборлолт 674.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өссөн байна. Энэ хугацаанд нийт 5.7 сая баррел газрын тос олборлосон нь жилийн өмнөхөөс 7.2 хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Оны эхний есөн сард нийт 184.2 сая долларын автобензин импортолсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 32 хувиар өссөн байна. Үүнээс 95.7 хувийг ОХУ-аас, үлдсэн 4.3 хувийг БНХАУ-аас, харин дизель түлшний импортын 98.8 хувийг ОХУ-аас, үлдсэн 1.2 хувийг БНХАУ-аас импортолжээ. Энэ оны эхний есөн сард нийт 323 сая ам.долларын дизель түлш импортолсон нь 2016 оны мөн үеэс ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Шатахуун, дизель түлшний импорт нэмэгдэж байгаа нь эдийн засгийн идэвхжил өндөр байгааг харуулдаг. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний зах зээл сэргэсэн бөгөөд 2016 болон 2017 оны эхний есөн сарын үзүүлэлтийг харьцуулж байгаа тохиолдолд шатахууны импорт өссөнийг уул уурхайн идэвхжилтэй холбон тайлбарлаж болохоор байна. Үүнээс гадна Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд энэ онд шатахууны онцгой албан татварыг хоёр удаа нэмэхээр болсон юм. Энэ нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлөхгүй гэж Ашигт Малтмал, Газрын Тосны газраас өмнө нь мэдээлж байсан юм.
Үзсэн: 1452
Tweet