Нийслэлийн Засаг дарга “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хот аялал жуулчлалын чиглэлээр Пусан хотын туршлагыг судалж, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүнэ гэлээ
БНСУ-ын Пусан хотод албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус хотод зохион байгуулагдаж байгаа “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцлоо. БНСУ -ын Пусан хотын дарга Со Бёнсү “Нэг Ази” фестивалийн нээлтэд оролцож байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой зангиагүй уулзалт хийсэн юм. Уулзалтын эхэнд Пусан хотын дарга Со Бёнсү хэлэхдээ ““Нэг Ази” фестивалийг өнгөрсөн жилээс эхлэн манай хот зохион байгуулдаг болсон. 2 дахь удаагаа энэхүү наадмыг өргөн дэлгэр хийж, 50 мянган хүн Пусаны цэнгэлдэх хүрээлэнд ирээд байна. Мөн наадмын хүндтэй зочноор Улаанбаатар хотын дарга болон ОХУ-ын Санктпетербург, Владивосток зэрэг хамтын ажиллагаатай хотын дарга нар ирсэн. Мөн “Улаанбаатар чуулга”-ын бүжигчид, уран бүтээлчид ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэе” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Пусан хотод урьж, найрсагаар угтан авч байгаа та бүхэнд талархлаа. Улаанбаатар хот залуу хот. Залуучуудын хот. Түүнчлэн Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүс хот болох зорилт тавьсан. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа Пусан хотын туршлагыг судалж байгаагийн зэрэгцээ соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа энэ удаагийн айлчлалаар өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. Ажил хэрэгч уулзалтаар хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх төсөл урагшилж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 961
Tweet