Паскаль Годефруа, Франсуа Эскуи нарыг "Найрамдал" медалиар шагнав
Паскаль Годефруа, Франсуа Эскуи нар нь 2011 оноос хойш Монголоос гаралтай, хууль бусаар хил давуулан худалдсан үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаах чиглэлээр тууштай ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Бельгийн Вангийн байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагааны асуудал хариуцсан захирал Паскаль Годефруа, Францын “Eldonia” компанийн захирал Франсуа Эскуи нарыг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд О.Оч гардуулан өглөө.
Монголоос гаралтай, хууль бусаар хил давуулан худалдсан үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаах чиглэлээр Паскаль Годефруа, Франсуа Эскуи нар нь 2011 оноос хойш тууштай ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн олдворыг ирүүлжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх хавцлаас олдсон палеонтологийн нэн ховор олдвор болох Дейнохейрус хэмээх үлэг гүрвэлийн гавлын болон хойд хөлний 2 тавхайны ясыг 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ШУА-ын Палеонтологийн төвд хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн 2015 онд “Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бельгийн Шинжлэх ухааны бодлогын газар болон Байгалийн шинжлэх ухааны Вангийн хүрээлэн хоорондын хэлэлцээр” байгуулагдсаны дагуу хэд хэдэн олдворыг эх оронд нь буцаахаар Монгол, Бельгийн палеонтологичид хамтран ажиллаж байна. Шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдворууд илэрч байгаа тул эдгээр олдворуудыг олж тогтоож, хамтарсан судалгаа хийхийг талууд чухалчилж байгаа юм.
Үзсэн: 1129
Tweet