Монголын энхийг сахиулагчид гавьяа байгуулав
Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуаранд гарсан гэмт халдлагыг таслан зогсоов
БНӨмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын энхийг сахиулагчид Бентиу хотод болсон халдлагын үеэр баатарлаг гавьяа байгуулжээ.
Д.Энхбаатар захирагчтай 7-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдрийн шөнө дунд дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалтын торыг эвдэж орохоор завдсан зэвсэгт этгээдүүд болон дүрвэгсдийн хуаранд зэвсэг хэрэглэн иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдэж байсан гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоосон байна.
Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун гаргах зэрэг хүндрэлтэй нөхцөл, байдлууд удаа дараа үүсч байжээ.
НҮБ-ын Хойд секторын тэргүүний штабын удирдлагаас “Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч хэрэгжүүлсэн байна. Энэ нь хүч хэрэглэх дүрмийн дагуу авч болох хориг арга хэмжээнүүдийн сайн жишээ болсон” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Үзсэн: 1264
Tweet