Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уулзалтаар хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцаж, санал солилцлоо
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцаж, санал солилцсон юм.
Элчин сайд Ахмет Язал “Хоёр улсын хамтран хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөр бий. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хорооны хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулах нь чухал. Мөн энэ сарын 25-нд манай “Эксим” банкны техникийн төлөөлөгчид ирж олон жил яригдаж байгаа зээлийн асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцана. Иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаа чухал бөгөөд хоёр улсын хооронд өдөр бүр шууд нислэгтэй болох асуудлыг бидний зүгээс тавьж байна. “Turkish Airlines”-ын нислэг нь дэлхийн жуулчдыг Монголд авчрах боломж бүрдүүлнэ” хэмээлээ.
Үзсэн: 1431
Tweet