“Улаанбаатар” олон улсын IX кино наадам эхэллээ
Наадмын үеэр найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” УСК шалгарч, албан ёсны нээлтээ хийж байна. Уг бүтээл нь Оскарын наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөх эрх аваад байгаа юм.
“Улаанбаатар” олон улсын IX кино наадам өнөөдрөөс эхэллээ. Монголын кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. 9-р сарын 10-15-нд үргэлжлэх энэ удаагийн наадмын “Нээлтийн кино”-гоор найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарч, албан ёсны нээлтээ хийж байна. Уг бүтээл нь 90 дэх удаагийн Оскарын наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөх эрх авсан юм.
“Улаанбаатар” олон улсын кино наадмын бусад төрөлд шалгарсан кино бүтээлүүд энэ сарын 12-нд Монголын үзэгчдийн хүртээл болно. Энэ жилийн наадмын онцлох орноор АНУ сонгогдсон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг энэ сарын 11-нд АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулах юм. Кино наадмын үеэр Монголын Урлагийн Зөвлөл уламжлал ёсоор Канн, Берлин, Бусан, Фрайбург, Казан, Весул зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Бразил, Бельги, Герман, Замби, ОХУ, Франц, Тайвань зэрэг орны кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Үзсэн: 1694
Tweet