Монголын баг тамирчид "Дэлхийн ур чадвар” 44 дэх удаагийн тэмцээнд оролцоно
Энэ сарын 14-19-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болох "Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцох тамирчдад ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг амжилт хүслээ.
"Дэлхийн ур чадвар” 44 дэх удаагийн тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод 2017 оны 10 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд болно. Монгол улсын баг тамирчдад Монгол улсын төрийн далбаа гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Энэхүү арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн үгэндээ “Мэргэжилтэй ажилчдын чадвар чансааг нь сорьдог тэмцээн бол Дэлхийн ур чадварын тэмцээн юм. Энэ тэмцээнд бид залуучуудаа оролцуулдаг болсноор мэргэжилтэй ажилтнуудаа аль түвшинд явж байгаа вэ гэдгийг мэдэх. Мөн тэдэнтэй харилцан туршлага судлах, мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг өндөрт өргөх, мэргэжилтэй боловсон хүчний ач холбогдлыг хүүхэд залуучуудад ойлгуулах зэрэг олон ач холбогдолтой эерэг хандлагуудыг бий болгоод байна. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын сургуулийг зорих хүүхдүүдийн тоо эрс өсч байгаа нь энэ тэмцээн болон багш нарын маань хүч нэмэр билээ. Абу Даби хотноо болох дэлхийн ур чадвар тэмцээнд улсаа төлөөлөн зургаан хүүхэд явахаар өнөөдөр төрийн далбаагаа гардан авч байна. Та бүхэндээ амжилт хүсээд Монгол орныхоо нэрийг өндөрт дуурсгаарай, өөрсдөдөө олон шинэ боломжуудыг нээгээрэй, энэ мэргэжлийг эзэмшиж байгаа залуучууддаа мэргэжлээрээ бахархах хэмжээний олон амжилтыг гаргаад ирээрэй” гэж хүсэн ерөөлөө.
Үзсэн: 1045
Tweet