Унгар улстай хамтран биокомбинатыг шинээр барих төсөл хэрэгжүүлнэ
Төсөл хэрэгжсэнээр мал сүрэг эрүүлжиж, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарч, үүнээс улбаалан 160 гаруй мянган малчин өрхийн амьдралд чухал нөлөө үзүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш Итгэмжлэх жуух бичиг барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Галошфаи Михай Матиашийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон жилийн турш яригдаж байгаа Биокомбинатыг сэргээн засварлах ажлыг шинээр барих ажил болгон түргэн хугацаанд эхлүүлэх нь чухал байгааг онцоллоо. Төсөл хэрэгжсэнээр мал сүрэг эрүүлжиж, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарч, үүнээс улбаалан 160 гаруй мянган малчин өрхийн амьдралд чухал нөлөө үзүүлж, улмаар Монголын эдийн засгийг олон талт болгоход чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Элчин сайд Галошфаи Михай Матиаш энэхүү том төсөлд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, уг төсөл хоёр талд ашиг тустай болохыг тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн хоёр дахь санал нь Унгарын кино урлагийн хөгжлийн туршлагаас хуваалцах тухай байв. Кино урлагаар дамжуулан залуучуудад эх оронч хүмүүжил олгохоос гадна Монголын түүх, соёл, өв уламжлалын талаар сурталчлан таниулахад чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.
Үзсэн: 1279
Tweet