Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-12-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн аялал жуулчлалын өдрийн тэмдэглэн өнгөрүүллээ


Densmaa 2017-09-28 06:09

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас аялал жуулчлал хурдтай хөгжиж байгаа орнуудын талаарх 2017 оны тайланд жуулчдын тоо тасралтгүй өсч байгаа 10 улсыг нэрлэсний дотор Монгол улс багтсан байна.

    Мексик улсын нийслэл Мехико хотноо 1970 оны есдүгээр сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага анх үүсчээ. Үүнээс есөн жилийн дараа буюу 1979 онд Испани улсад тус байгууллагын Ерөнхий Ассамблейн 3-р чуулган хуралдаж, жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна.

Энэ өдрийн үндсэн зорилго нь олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлахад чиглэгддэг. Дэлхийн 154 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь аялал жуулчлалын өдрийг өөрийн гишүүн байгууллагууд болон дэлхий нийтэд амралт, зугаалгын томоохон баярын хэмжээнд тэмдэглэхийг зөвлөж, уриалдаг билээ.

Өнгөрсөн жил манай улс эл өдрийг “Аялал жуулчлал-бид бүгдэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жил “Аял, Таашаа, Хүндэл” сэдэвт хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аялан жуулчлахыг сурталчлах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Мөн энэ өдөр Монголын аялал жуулчлалын салбарынхан нэгдэж “Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал, "Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдвээр их дээд сургуулийн аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд олимпиад зохион байгуулна.

      Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн эхлэлийг эрдэмтэн судлаачид Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдсан үетэй холбон тайлбарладаг. Харин 1954 онд албан ёсоор “Гадаадын иргэдэд үйлчлэх товчоо” хэмээх байгууллага үүссэн тэр цагаас Монголд орчин цагийн аялал жуулчлал хөгжих үндэс суурь тавигджээ. 1990-ээд оноос аялал жуулчлалын салбар хувьчлагдаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр тус салбарын хөгжлийн шинэ эхлэл тавигдсан юм.

1995 онд МУ-ын Засгийн газраас Аялал жуулчлалыг 1995-2005 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг тогтоож, 2000 онд УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг батлан гаргасан нь тус салбарын эрх зүйн болон бодлогын орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болсон юм. Мөн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод аялал жуучлалыг 2007-2021 он хүртэл хөгжүүлэх бодлогыг томъёолжээ. Үүнд аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэх, аялал жуулчлалын томоохон цогцолборууд барьж байгуулах, аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх, жуулчдын сонирхлыг татсан тусгай сонирхлын аялал жуулчлалыг дэмжих зэрэг чиглэлийг тусгасан байна. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молороос аялал жуулчлалын салбарын хэтийн чиг хандлагын талаар тодрууллаа. 

     Н.Молор: ДАЖБ-аас 2030 он хүртэл дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг судалгаагаар гаргасан байгаа. Уг судалгаагаар сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг эко туризм, адал явдалт аялал жуулчлал, спорт чиглэлийн аялал жуулчлал ихээр татаж байгааг гаргасан. Манай аялал жуулчлалын компаниудын хувьд нааштай үр дүн гарч ирж байна. Тухайлбал дугуйн аялал явуулдаг компани зөвхөн энэ чиглэлийн аяллаа л зохион байгуулж байна. Уулын аялал явуулдаг компани мөн л энэ аяллаа явуулдаг. Ингээд төрөлжөөд эхлэхээр яг тэр зах зээлийнхээ хэрэглэгчдээ татах маш их боломжийг бий болгож байгаа юм. Тэгэхээр аялал жуулчлалын компаниуд маань энэ чиглэл рүү анхаарлаа хандуулаад эхэлсэн байна.

   Харин орон нутагт өөрийн гэсэн онцлогийг агуулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд байна. Тухайлбал Өмнөговь аймагт тэмээний баяр болдог. Тэмээний баяр, тэмээний уралдаан хийхэд төрөөс санхүүгийн дэмжлэгээс авахуулаад дэмжлэг үзүүлж байна. Мөн дэлхийд хамгийн их танигдсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн маань Баян-Өлгий аймагт Бүргэдийн баяр гэж байна. Хөвсгөл аймагт гэхэд гайхамшигтай Хөвсгөл нуур маань байж байна. Энэхүү нууртаа түшиглээд ямар эвент хийж байна гэхээр, өвөл нь Мөсний баяр, зундаа бол Цаатан фестиваль зохион байгуулж байна. Тэгэхээр тухайн аймаг, бүс нутгийн өвөрмөц онцлог, тухайн нутгийн ард түмний зан заншлыг хадгалж үлдэх, үүнийг хэрхэн дэлхийд таниулах уу гэдэг нь чухал. Ер нь аялал жуулчлал хөгжинө гэдэг нь тухайн орон нутагт ажлын байр бий болж байна. Ядуурлыг бууруулж байна. Мөн нөгөөтэйгүүр тухайн орон нутгийн байгаль, соёлын өвийг хамгаалж байгаа хэрэг юм. Асар уудам газар нутагтай, хүн ам цөөтэй манай улсын хувьд аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх бодлогын хүрээнд аялал жуулчлалын дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, аялал жуулчлалыг хөгжүүлбэл орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж илүү бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

     Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас аялал жуулчлал хурдтай хөгжиж байгаа орнуудын талаарх 2017 оны тайланг саяхан гаргажээ. Энэхүү тайланд жуулчдын тоо тасралтгүй өсч байгаа 10 улсыг нэрлэсний дотор Монгол Улсын нэр багтсан бөгөөд есдүгээрт эрэмблэгдсэн байна. Уг тайланд манай улсыг тодорхойлохдоо, “Өргөн уудам тал нутаг, элсэн цөлөөр баялаг тус орон газар зүйн байршлын хувьд нэлээд тусгаарлагдсан, алслагдмал бүсэд оршдог. Гэвч Төв Азийн энэхүү уулархаг нутаг нь сүүлийн үед аялагч, жуулчдыг ихээр татах болжээ” гэсэн байна. Мөн жуулчид Монголчуудын нүүдэлчин соёл иргэншлийг ихээр сонирхдог бөгөөд бөх, хурдан морь, нум сум харваа бүхий эрийн гурван наадмыг үзэхээр ирэх нь их байдаг талаар дурджээ. 

       Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар өсчээ. Манай улсад ирж байгаа жуулчдын 92 хувийг Хятад, Орос, Солонгос Япон, Америк, Герман, Австрали, Франц зэрэг 10 гаруй орны жуулчин бүрдүүлж байна.

     БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор: 

     Урьд жилүүдээ бодвол энэ жил  манай улсын хувьд жуулчдын тоо өсөлттэй байгаа. Эхний 7 сарын байдлаар 263 мянган гадаадын жуулчин хүлээж авсан байна. Манай улс хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-аас хамгийн их жуулчин хүлээн авдаг. Энэ хоёр улсын жуулчны тоо өмнөх жилүүдэд буурсан нь жуулчдын тоо буурах шалтгаан болсон. Энэ тал дээр яамнаас бодлогын зүгээс ямар арга хэмжээ авсан бэ гэхээр, урьд нь хөрш хоёр орон луугаа Монгол улсыг суратлчлах маркетингийн ажлыг хангалтгүй хийж ирсэн байна. Тиймээс энэ чиглэлд сүүлийн 2 жилд анхаарсны үр дүнд хоёр хөрш орноос ирж байгаа жуулчдын тоо өсч эхэлсэн байгаа. Жилдээ 400 мянга орчим жуулчин авдаг гэсэн дундаж тоо байсан бол энэ жилийн хувьд жуулчдын тоо 500 мянга гарах байх гэсэн хүлээлттэй байна.

    МУ-ын ЗГ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д Аялал жуулчлалын салбарын хөгжлийн зорилтыг 2030 он хүртэл тодорхойлсон. Үүнд МУ-ыг 2030 он гэхэд “Нүүдлийн соёл аялал жуулчлалын төв” болгох зорилго тавьсан. Тэгэхээр нүүдлийн соёл уламжлал маань Монголын аялал жуулчлалын маш үнэ цэнэтэй бүтээгдэхүүн юм байна. Үүний гол нөөц нь манай хөдөө орон нутагт байгаа малчин ард иргэд юм. Нүүдлийн соёл аялал жуулчлалын төв болно гэдэг чинь Төр засгаас эргээд энэ хүмүүсээ дэмжих гээд байгаа юм байна, нүүдлийн соёлоо хамгаалах гээд байгаа юм байна гэсэн үг гэж ойлгож болно.

     Манай улс жил бүр дунджаар 400 мянга орчим жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас эдийн засагт 263 орчим сая ам. долларын орлого оруулж байна. Энэ нь ДНБ-ний 3,2 хувь, нийт экспортын 3,6 хувийг эзэлж байгаа юм.

Сонирхуулахад, дэлхийн жуулчдын 2017 оны эхний хагасын Топ-10 чиглэлд Палестин, Хойд Марианы арлууд, Исланд, Египет, Тунис, Вьетнам, Уругвай, Никарагуа, Монгол, Израиль зэрэг улс багтжээ.

Үзсэн: 2793

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна