“Монголын нууц товчоо”-г 108 метр цагаан эсгийн дээр урлажээ
5000 гаруй урлаач Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан бүтээлийг зээглэн ширэх аргаар урласан байна.
Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан бүтээлийг 108 метр цагаан эсгийн дээр жил гаруйн хугацаанд урлажээ. Тус бүтээлийг “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг зээглэн ширэх аргаар урласан бөгөөд Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдэллэх ёс, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулсан байна. Уг “Монголын нууц товчоо”-г бүтээхэд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 метр тэмээний ноосон утас, 32 өнгийн 100 литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.
Энэхүү дүрслэх урлагийн томоохон бүтээлийг Монгол түмэндээ танилцуулах, соёлын өвд бүртгүүлэх зорилгоор өнөөдөр Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн ёслол зохион байгуулсан юм.
Үзсэн: 2203
Tweet