Шинэ нисэх буудлын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав
Шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой, ашигтай, ая тухтай байлгахад чиглэсэн арга хэмжээг ЗТХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч Иригаки Хидэтоши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сүүлийн жилүүдэд Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дэд бүтэц, тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбарт амжилттай өргөжин тэлж байгааг сайд уулзалтын эхэнд онцлоод, “Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг. Энэ утгаараа агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тууштай барьж ажиллаж байна. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл нь агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал ач холбогдолтой төсөл яахын аргагүй мөн” гэлээ.
Шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой, ашигтай, ая тухтай байлгахад чиглэсэн арга хэмжээг ЗТХЯ тус байгууллагатай хамтран авч байгаа юм. Монголын талын хариуцан хэрэгжүүлэх ажлуудын нэг болох шинэ нисэх буудлын ангарын барилгыг төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр барих санал солилцох уулзалтыг өнгөрсөн сард ЗТХЯ, ИНЕГ, ЖАЙКА, “Мицүбиши-Чиёода” хамтарсан түншлэл, “Жалюкс компани” болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудын хамт зохион байгуулжээ. Боломжит хувилбаруудыг хэлэлцсэний дүнд, Испанийн ГАПTEK компанийн санал болгож буй сайжруулсан хөнгөн цагаан хийцийн ангарын барилга барих төсөвт өртгийн нарийвчилсан тооцоог хийхээр шийдвэрлэсэн байна.
Ноён Иригаки Хидэтоши Зам, тээврийн хөгжлийн яам болон Жайка олон улсын байгууллага хамтран томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. Цаашид шинэ нисэх буудлын ангарын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө түргэвчилж, удаашралтай байгаа зарим ажлуудыг эрчимжүүлэхээр болжээ.
Үзсэн: 1152
Tweet