Арабын Нэгдсэн Эмират Улстай хууль сахиулах салбарт хамтран ажиллана
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт АНЭУ-ын Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга Хамад Аль Алими тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга Хамад Аль Алими тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яам гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр анхаарал хандуулж ажиллаж байгаа. Иймд хоёр улсын яам хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хууль сахиулах салбарт харилцан туршлага судлах, салбарын хүний нөөцийг сургах, мэргэжил дээшлүүлэхэд Арабын Нэгдсэн Эмират Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр манай зүгээс яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналыг илэрхийлсэн бөгөөд Хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хүргүүлээд байгаа юм байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, маргааш буюу 9 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцана.
Үзсэн: 1289
Tweet