Он гарсаар ДНБ 5.3 хувиар өсчээ
Эдийн засаг эхний хагас жилд 5.3 хувь өсөхөд ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүний экспорт огцом нэмэгдсэнтэй холбоотой болохыг эдийн засагчид онцолж байлаа.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн дүнтэй байна. Эдийн засаг эхний хагас жилд 5.3 хувь өсөхөд ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй холбоотой болохыг эдийн засагчид онцолж байлаа. Мөн экспорт оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 979.2 сая ам.доллараар өссөн. Тэр дундаа нүүрсний экспорт тайлант хугацаанд 1.4 тэрбум ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 4.2 дахин нэмэгджээ. Нүүрсний экспортын өсөлт энэ хэвээрээ байвал эдийн засгийн өсөлт оны эцэст ч мөн хадгалагдах боломжтой гэж эдийн засагчид үзэж байна. Түүнчлэн оны эцэст эдийн засаг хоёр хувиар өсөх төлөвтэй байгааг ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай мэдэгдэж байсан юм.
Үзсэн: 1893
Tweet