Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын тогооч нар шилдгийн төлөө өрсөлдөж байна


Densmaa 2017-09-08 05:09

9 дүгээр сарын 4-нд эхэлсэн “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тэмцээнд 12 орны 300 гаруй тогооч оролцож байна. Түрүүлсэн тогооч "Олон улсын мастер" цол авах юм.

    Монгол тогооч нар олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд мэдлэг, ур чадвараараа гайхуулан, монгол хоолны соёлыг дэлхий дахинд амжилттай сурталчилж байгаа билээ. Анх 2010 онд Турк улсад болсон олон улсын тэмцээнд оролцсоноос хойш олон улсын чанартай 100 гаруй тэмцээнээс монгол тогооч нар 86 медаль хүртжээ. Өнгөрсөн 4 сард Солонгос улсын Сувон хотод болсон Олон улсын тогооч нарын аварга шалгаруулах тэмцээнээс гэхэд л нийт 10 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, олон улсын тавцанд эх орноо амжилттай сурталчилсан юм. Дэлхийн 9 орны 900 гаруй тогооч оролцсон тус тэмцээний үеэр тэд үндэсний хоолоо хийж сурталчилан, оролцогчид болон шүүгчдээс “Чингисийн Монголын хоолыг ёстой л урлаг болгожээ” гэсэн магтаалыг давхар хүртжээ.

Тэмцээнд оролцсон мастер тогооч Байгалмаа, Нанзад, Ганзориг нартай уулзлаа. 

Байгалмаа: Миний хувьд нугасны махаар модерн чиглэлээр хоол хийж тэр төрөлдөө алт авсан. Мөн гахайн махаар модерн чиглэлээр мөнгө авсан. Багийн төрлөөр хүрэл медаль авсан.

Нанзад: 4 төрлөөр өрсөлдсөн. Багийн төрөлд хараахан байр эзэлж чадсангүй. Бусад төрөлдөө алт, мөнгө, хүрэл медаль авсан амжилттай оролцсон.

Ганзориг: Нийт 900 тогооч оролцсон тус тэмцээний 3 төрөлд оролцож, тус бүрт нь медаль авлаа. Үхрийн махны төрөлд монгол хоолоороо оролцлоо.

      Бас нэгэн жишээ дурдахад Монголын тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал Санчирын зохиосон хоолны шинэ жор нь Монгол улсад 2001 онд патентлагдаж байсан бол 2010 оны дэлхийн шилдэг 100 хоолны жорд шалгарч байжээ. Мөн тэрээр 2010 оноос хойш олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд найман төрлөөр амжилттай оролцож гурван удаа хүрэл медаль болон бусад тусгай шагналуудыг хүртсэн монгол улсаа дэлхийд сурталчилж яваа монгол залуусын нэг юм.

Энэ мэтчилэн монгол хоолны соёлыг сурталчлан түгээж яваа монгол тогооч нар үзүүлсэн амжилтаараа “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” Олон улсын тогооч нарын тэмцээнийг энэ жил өөрийн орондоо зохион байгуулах эрхийг авсан юм. Бид Монголын мастер тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Батбаатараас тэмцээний тухай тодрууллаа.

       Батбаатар: “Чингис хааны цом” олон улсын тогооч нарын тэмцээн анх удаа Монгол улсад болж байгаа гэдгээрээ онцлогтой. 2008 онд Монголын тогооч нарын холбоо Дэлхийн тогооч нарын холбооны гишүүнээр элссэнээс хойш монгол тогооч нар Монгол улсаа сурталчлан өнөөдрийг хүртэл олон улсын тогооч нарын тэмцээнд амжилттай оролцож байна. Ер нь тэмцээн уралдаан гэдэг бол цаагуураа туршлага солилцох, бие биенээсээ мэдээлэл авах, түүнийгээ дагаад улс гүрнүүдийн ёс заншил гэх мэтчилэн зүйлүүдийг бие биедээ түгээж байдаг. Ялангуяа бид нар Монгол орноо сурталчлаад олон улсын тэмцээнд оролцож байх үед монгол орныг мэдэхгүй байх тохиолдол олонтаа тохиолддог. Тиймээс бид Монгол улс, монгол хүн гэж ямар байдаг вэ гэдгийг энэхүү тэмцээнээр мөн сурталчлан таниулахыг зорьсон юм.

Дэлхий нийтээр Монгол гэж ямар улс вэ гэдэгт анхаарлаа хандуулахын зэрэгцээ Мөн Монголын хоол үйлдвэрлэлийн салбар ямар төвшинд явж байгааг харж байна. Тиймээс Их эзэн хааныхаа нэрээр энэхүү тэмцээнээ нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой юм.

      Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 4-нд эхэлсэн “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тэмцээнд Орос, Хятад, Герман, Америк, Солонгос, Итали, Румын зэрэг 12 орны 300 гаруй тогооч оролцож байна. Тэд  "залуу тогооч", "мэргэжлийн тогооч" гэсэн хоёр ангиллаар өрсөлдөж байгаа бөгөөд түрүүлсэн тогооч  "Олон улсын мастер" цол авах юм.

     Төв Азид анх удаа болж буй тус тэмцээнийг Монголын мастер тогооч нарын холбоо, Дэлхийн тогооч нарын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тэмцээний зорилго нь монгол үндэстний хоолны соёлыг олон улсад сурталчлах, монгол тогооч нарын ур чадварыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн их татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа юм. Мөн тэмцээний үеэр "Бидний мэргэжил сайхан" хүндэтгэлийн жагсаал, “Улаанбаатар цом-2017” буюу МУ-ын “Аварга тогооч” шалгаруулах уралдаан, “Монголын кулинарын фестиваль” буюу монгол үндэсний бренд хоолны шалгаруулалт, хоолны үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээнүүд болно. “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын энэхүү тэмцээнийг манай улс цаашид 2 жилд нэг удаа зохион байгуулж байхаар болжээ.

Монгол улсын Хоол үйлдвэрлэлийн салбар Олон улсын жишигт нийцсэн эрүүл, аюулгүй хүнсний сүлжээг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологид тулгуурлан хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц үйлчилгээ үзүүлэх, үндэсний уламжлалт хоол, ундааг брэнд болгон дэлхийд сурталчлах замаар салбарын хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус салбар нь сүүний үйлдвэрлэл, махны үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл, исгэлтийн үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл гэсэн үндсэн 5 салбартай. Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд жилд 160 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг. 

 

Үзсэн: 1579

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна