Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-11-20
mongolia

Шинэ мэдээ

“Есөн эрдэнийн Ганжуурыг Дэлхийн эрдэмтэд судлаж байна”


Densmaa 2017-09-07 02:09

Сүүлийн үед бидний яриад буй эд эсийн түвшний судалгаа, нано технологи, генийн технологийг ойлгоход суурь болохуйц маш нарийн ойлголтуудыг эмх цэгцтэй айлтгасан учраас Ганжуур бол нэвтэрхий толь ажээ.

      Монголчууд бид түүх соёлын хосгүй үнэт өв “Лу.Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”-аа 2011 онд ЮНЕСКО-д бүртгүүлсэн бол "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Есөн эрдэнийн ганжуурыг Олон улсын баримтат өвд бүртгэсэн юм. Уг хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, хосгүй үнэт 54 дурсгалыг бүртгэсний нэг нь Есөн эрдэнийн ганжуур байв. 

      Бурхан багш одоогоос 3000 жилийн тэртээд мэндлээд орчлонгийн зүдгүүр, жаргал зовлонг таньж мэдэхийн тулд бясалгаж, олон бэрхийг даван хатуужсан. Таньж мэдсэнээ олон түмэнд айлдсан байдгийг шавь нар нь эмхтгээд нэгэн цогц судар болгосон нь Ганжуур.

Эл сударт шинжлэх ухааны бүх салбарын тухай өгүүлжээ. Тиймээс Ганжуур, Данжуур бол бурхны сургаал төдий бус, шинжлэх ухааны бүх салбарын суурь юм. Сүүлийн үед бидний яриад буй эд эсийн түвшний судалгаа, нано технологи, генийн технологийг ойлгоход суурь болохуйц маш нарийн ойлголтуудыг эмх цэгцтэй айлтгасан учраас Ганжуур бол нэвтэрхий толь ажээ.

Бурхны шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр есөн эрдэнээр урласан бөгөөд энэхүү есөн эрдэнэд алт, мөнгө, хүрэл, оюу, номин, шүр, сувд, зэс, тана орно.

Олон улсын баримтат өвд бүртгэхэд нарийн шалгууртай Баримтат өв нь анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа хадгалсан, дэлхий дахинд үнэ цэнэ, ач холбогдолтой, дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх зэрэг шалгуур тавьдаг аж.

Өдгөө “Есөн эрдэнийн Ганжуур” Монголын Үндэсний номын санд хадагдагдаж байдаг. МҮНС-ийн Сан хөмрөгийн ажилтан, түвд судлаач Х.Түмэнбаярын ярианд анхаарлаа хандуулна уу.

      Х.Түмэнбаяр: МҮНСанд цаасан сууринд мөнхөлсөн баримтат өвүүд энд хадгалагдаж байна. Эндээс есөн эрдэнийн Ганжуур гээд 110 ботьтой энэ их хөлгөн шастир маань 6-р сард Дэлхийн өвд бүртгэгдээд байна. Үүнийг монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний бахархал болсон бүтээл гэж ойлгож болно. Монголчууд энэ бүтээлийг болгомол хар цаасан дээр есөн эрдэнээр мөр сэлгүүлэн бичсэн. Болгомол хар цаас гэдэг нь муутуу цаасыг хооронд нь наагаад, хонины тархийг өмхийрүүлж байгаад тогооны хөөтэй холиод буддаг. Есөн эрдэнийн ганжуурт ихэвчлэн бурхан шашны дүр зураг байдаг. 

     Монголчууд Ганжуурыг YIII зуунаас судалж, XIII зууны эцэс, XIY зууны эхэн үеэс түүвэрлэн монгол хэлнээ орчуулж, улмаар Лигдэн хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа Одсэр тэргүүтэй эрдэмтэд удирдан бүрэн эхээр нь хөрвүүлсэн түүхтэй.

Ганжуур бол хүн төрөлхтөний агуу их сургаалийн нэвтэрхий толь. 3000 жилийн турш нэр алдар нь түгэн, өдий хүртэл хадгалагдсан нь энэ их хөлгөн судрын гайхамшгийг нотолж буй юм.

Бурхан багшийн үед тухайн цагийн дөрвөн их хааны нэг нь монгол гаралтай хүн байсан гэдэг. Тэр үед хаадууд бурхан багшийг урьж айлтгалыг нь сонсохоос гадна, түгээн дэлгэрүүлэхэд нь тусалдаг байж. Үүнээс хойш Монголын тэргүүлэгч, хаадын зарлиг залгамжаар энэ ном түгэн дэлгэрчээ.

     Ганжуур Данжуурт одоогийн хүн төрөлхтний хамгийн дэвшилтэт гэгддэг Нано технологи, био технологи, сансар судлалын нарийн ойлголтууд  бий. Энэ тухай Олон улсын эрдэмтэд хэлэхдээ “Ганжуур Данжуур бол уудлаад баршгүй авдар юм. Хүн төрөлхтөн хамгийн дээд түвшиндээ очиж байж Ганжуур Данжуурын дотоод ухааныг судалж, гүйцэж магадгүй” гэсэн юм. Монголч эрдэмтдээс гадна барууны орнууд Англи, Америк Ганжуур Данжуурыг маш их судалж байна. Судлахдаа зүгээр нэг сонирхогчийн түвшинд биш, энэ бол уудалж баршгүй шинжлэх ухааны мэдлэг байгаа гэж үзэж байгаа учраас эрдэм шинжилгээний түвшинд судалж байгаа аж. Ганжуурыг бурхан багшийн их хөлгөн судар гэж судлахаас гадна Монголчуудтай хэрхэн холбогддог, монголчууд Ганжуурыг судлах хөрвүүлэх ажилд ямар гавъяа байгуулсныг дэлхийн эрдэмтэд судлаж байна. Улаанбаатар хотноо болсон Ганжуур судлаачдын олон улсын их хуралд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Унгар, Польш,  Чех,  ИБУИНВУ, ХБНГУ, Япон зэрэг орны  36 эрдэмтэн судлаач илтгэл тавьж, одоо дэлхий дахинд Ганжуур хаана хаана хадгалагдаж байгааг эрдэмтэд сонирхуулан ярьж байв. Тухайлбал, Японы Отани их сургуулийн эрдэмтэн Такаши Мацүкава Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуур нь одоо Киотогийн их сургуулийн номын санд хадгалагдаж буй бөгөөд Лигдэн хааны зарлигаар 1628-1629 онд бүтээсэн Алтан Ганжуурын 5 хуулбарын нэг нь байх магадлал өндөр байна гэсэн юм. Тэгвэл Варшавын их сургуулийн профессор Р.Бямбаа Монголын их мэргэд Ганжуурыг эх хэлнээ хэрхэн хөрвүүлж байсан тухай ингэж ярьсан юм.

       Р.Бямбаа: Бурхан багшийн оройн дээд номыг олон оронд орчуулсныг аваад үзэхэд монгол хүн сонгодог хэлбэрээр орчуулсан нь харагдаж байна. Жишээ нь Ихэд тонилгогч гээд судар байна. Ганжуурын дотор байгаа Ихэд тонилгогч судрыг Монголын дөрвөн орчуулагч орчуулсан байна. Хамгийн анх Аюуш Гүүш, түүний дараа Гунгаабазар,  17-р зууны үед Алтангэрэл гүүш нэмж засварлаж Монгол хүнд илүү дөхөм байдлаар орчуулсан. Бид нууц товчоог дэлхийн улс өөр өөрийн хэл дээр орчуулсан байдгийг мэднэ. Монгол Ганжуурыг монголын их хаадаас эхлээд монгол хэлнээ хөрвүүлэх их ажлуудыг хийсээр ирсэн.

       Монголчууд Бурхан багшийн зарлигийн цоморлиг Ганжууртай холбоотой олон сайхан үйл хийж, ховор нандин ном бүтээл туурвиж ирсэн бол Ганжуурыг судлахад Монгол ахуй амьдрал, монгол соёл мэдрэгддэг гэж Варшавын их сургуулийн монголч эрдэмтэн Агата бидэнд сонирхуулан ярьлаа. 

        Агата:  Ганжуурыг дээр үеийн юм гэж зарим хүн үздэг. Энэ нь буруу. Монгол Ганжуурыг дэлхийн хүн төрөлхтөний өмч гэж үздэг. Ялангуяа монгол соёлтой маш их холбоотой байна. Монгол хүмүүс заримдаа цэцэн үг хэлээд жирийн юм ярих үедээ бурхан шашны нэр томъёог хэрэглэдэг. Тэхээр монгол хүний бодол яг бурхны шашны гүн  ухааны үндэстэй байна. Заримдаа үүнийг тэд өөрсдөө анзаардаггүй. Харин европоос ирсэн, гадаад хүмүүст анзаарагддаг. Яагаад гэвэл европ хүний бодол санаатай адил биш. Тиймээс бидэнд монгол хүний зарим хэлж байгаа хачин, сонин зүйлийг аваад үзэхээр бурхны гүн ухаантай байдаг. 

      “Бурхан шашин хөгжсөн газруудад Ганжуурыг шүтээн талаасаа илүү их анхаарч байдаг бол барууны орнууд, Монголч эрдэмтэд Ганжуур Данжуур дотор юу өгүүлсэн байдаг тухай ийнхүү Улаанбаатар хотноо чууллаа.

      Монголчуудын бүтээсэн есөн эрдэнийн Ганжуур нь тухайн үеийн эрдэмтэн мэргэдийн ухааныг тээхээс гадна урчуудын ур хийцийг давхар тээж байна. Хүн төрөлхтөн ой санамжаа сэргээхэд Монголчуудын оруулж буй хувь нэмэр бол есөн эрдэнийн Ганжуур юм.

 

Үзсэн: 208

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна