Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Invest Mongolia-2017” амжилттай болж өндөрлөлөө


Densmaa 2017-09-07 06:09

Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшилсан.

     Монгол Улс хөгжиж байгаа дэлхийн бусад улс орны нэгэн адил эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийг зорьж байна. Энэ зорилтдоо хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал. Манай улс эдийн засгийн салбарт эерэг өөрчлөлт авчрах хэд хэдэн томоохон чуулганыг зохион байгуулж ирсэн. Үүний нэг “Invest Mongolia-2017” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Улаанбаатар хотноо амжилттай боллоо.

    Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зөвхөн уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байна. Энэ хэрээр манай эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай хэвээр явна. Сүүлийн 5-6 жилийн дотор гэхэд эдийн засгийн өсөлт 17,0 хувиас 1 хувь болтлоо унасан бол, энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5,3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарсан. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана.    Энэ жилийн Инвэст Монголиад гадаад дотоодын 1000 гаруй хөрөнгө оруулагч оролцсон юм. Өнгөрсөн онтой харьцуулахад хөрөнгө оруулагчдын тоо 20 гаруй хувиар өссөн. Мөн манай улсаас Хятадад нийлүүлэх нүүрс жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгдэж 20,5 сая тн-д хүрээд байна. Энэ нь хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох нэг шалтгаан болжээ.

     Хөрөнгө оруулалтын томоохон чуулганд амжилттай ажиллаж буй гарааны бизнесийн компани хилийн чанадаас хэрхэн хөрөнгө босгосноо хуваалцсан тохиолдол бараг байхгүй. Харин “And Global” компани Филиппин, Японоос нийт 5 сая ам.доллар буюу 14 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт татсан байна. Гарааны бизнесийн хувьд энэ нь томоохон амжилт. Иймд Монгол Улс нүүрс, зэс гэх мэт эрдэс баялгаасаа гадна оюуны бүтээлээ ч экспортлох боломжтой гэсэн юм. Монгол Улсын ерөнхий сайд Инвэст Монголиа чуулга уулзалтанд оролцохдоо хөрөнгө оруулагчдын өмнө бэлэн байгаа хамгийн ойрын боломжуудаас танилцуулсан юм. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор өмний говьд цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих зэрэг ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг дамнасан дэд бүтцийн олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, эхний шатны бэлтгэл ажлуудыг хангалаа. Түүхий эдийн үнэ ханш өсч, Оюутолгойн далд уурхайн олборлолт эхлэх болсноор гадаад худалдаа, үүний дотор экспортын урсгал илүү тогтвортой байх урьдчилсан нөхцөл  харагдаж байна. Монгол орны шавхагдашгүй нөөц болсон мал сүргийн тоо толгой 70,0 гаруй саяд хүрч, хөрш болон бусад улс оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод гаргах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэж байгааг дурьдлаа.

   Цөөн энэ хэдэн жишээнээс харахад Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхох бизнестэй, хөрөнгө оруулах ирээдүйтэй зах зээлтэй улс хэвээр байгаагийн нотолгоо юм. Тэгвэл монгол хүн, монголчуудтай хамтран ажиллахад ямар давуу байдал буйг нийтлэлч, судлаач Баабар танилцууллаа.

   Баабар: Бусад орнуудтай харьцуулахад өөрийн олон давуу тал бий. Нэгдүгээрт нийтээрээ бичиг үсэгтэй болоод жаран жил болж байна. Юутай ч чанар нь биш гэхэд тоон утгаараа 10 мянган хүнд ноогдох оюутан сэхээтэн доктор профессорын тоогоор дэлхийд тэргүүлэх эгнээнд явж байна. Ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, биеэ аваад гарах Монгол хүний чадвар байдаг. Ямар ч юмыг хурдан сурч түргэн эзэмших авъяастай. Худлаа ч бай, юутай ч гэсэн боловсрол мэдлэгтэй болох гэсэн нийгмийн ойлголт давамгайлдаг. Монголчууд бараг дан ганц үндэстнээс бүрдсэн учраас овог отгийн хуваагдал руу хальтирахгүй л бол нийгмийн зөвшилцөлд авархан хүрэх бололцоо бий. Тэвчээрлэг чанартай. Монгол хүн шинэ содон юм, техник технологийн дэвшлийг сонирхон тэмцдэг. Эрх чөлөөний мэдрэмж бараг төрөхтэй нь хамт бий болдог. Монголчууд ямар нэгэн шашин ёс заншил үзэл суртлын дарамтаас ангид байж чаддаг. Хэрэв тийм дарамт шахалт ирэх юм бол яаж ийгээд ард нь гардаг. Өөр нэг сонирхолтой чанар гэвэл хэдийгээр авилга луйврын олон бүлэглэлтэй боловч аль нь удаан ноёрхож чаддаггүй. Монгол бол чөлөөт ардчилсан орон. Чухам үүний буянаар бүлэглэл хэнийгээ ч дээш нь гаргах хүсэлгүй учраас харилцан бие биенээ илчлээд ямар нэг гэж хэлж болохуйц шударга байдлыг тогтоогоод байдаг. Энд бие биенээ хэлмэгдүүлээд байгаа юм ерөөсөө байхгүй. Энэ бол бас нэг сайн чанар. Ингээд үндэсний ийм давамгай чанар нь нийгмийг хөгжил дэвшил рүү хөтөлнө гэж найдаж байна.

    Монголд хөрөнгө оруулагчдыг хүнд суртлаар дарамталдаг бус, харин тэдний эрх ашгийг хамгаалахын тулд Засгийн газар 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулсан. Мөн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад тавьдаг 1400 орчим төрлийн тусгай зөөвшөөрлийг 2-3 дахин бууруулах боломж байна. Үүнд үр дүнгээ өгсөн ажил байгааг ЗГХЭГ-ийн дарга Ж.Мөнхбат ярьлаа.

    Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулагчийн эрх баталгааг хязгаарлахтай холбоотой нийтлэг зөрчлүүдийг арилгах, хууль бусаар дарамт шахалт үзүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг таслан зогсоож, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг холбогдох төрийн эрх барих байгууллагуудад үүрэг болгосон. 

     Хөрөнгө оруулалтын суурь, цаашдын чиг хандлагыг нь сайн тавьж, дэмжиж ажиллаж чадах юм бол Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татах боломж бий. Хөрөнгө оруулалтын хамгийн таатай орны нэг нь Монгол Улс болох боломж, ирээдүй, гарц байгааг ЗГХЭГ-ын дарга онцолж байлаа.

    “Инвест Монголиа-2017” чуулган нь ОУВС-тай хийгдсэн гэрээ хэлэлцээр болоод нүүрсний экспорт өссөн, гадаадын хөрөнгө  оруулагчдын хандлага  мэдэгдэхүйц  сайжраад байгаа ийм цаг үед болж байгаагаараа онцлогтой юм. Манай улсын хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дэлхийн бусад улс оронтой харьцуулахад бага. Хөрөнгө оруулагчдыг татахад саад болж байгаа зүйл гэвэл татварын орчин гэхээсээ илүүтэй дэд бүтэц. Сүүлийн үед Монголд геологийн хайгуулын ажил явуулахаар гадны хөрөнгө оруулагчид орж ирж байна. Хөрөнгө оруулалтын орчин таатай гэж үзсэн учир тэд хайгуулын ажлаа эхлүүлж байгааг судлаачид хэлж байна.

Үзсэн: 1625

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна