Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхлав
Уулзалтын үеэр ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллах санал тавьж ярилцжээ.
ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхлаа. Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, Япон Улсын талаас Гадаад хэргийн сайд Т.Коно болон албаны бусад хүмүүс оролцжээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон улсын дэмжлэгээр ноос, ноолууран бүтээгдэхүүний “Говь” үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал, Нарны гүүр гэх мэт олон том бүтээн байгуулалт хийгдсэн нь монголчуудад ихээхэн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байсныг онцлоод Шинэ нисэх буудал байгуулах ажил эхлэх, Нарны гүүрийг барьж байгуулах үед салбарынх нь сайдаар ажиллаж онцгойлон анхаарал хандуулж байснаа дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллах санал тавьж ярилцсан байна.
Харин Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, НҮБ болон Зүүн хойд Азийн бүс нутаг түүний дотор Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах саналууд тавьж харилцан ярилцжээ.
Үзсэн: 1244
Tweet