Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордонтой уулзав
Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хүрснийг тэмдэглэсэн байна.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордонтой өнөөдөр уулзлаа. Талууд хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ жил Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, боловсрол, эдийн засаг, уул уурхай зэрэг олон салбарт амжилттай хөгжиж, “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хүрснийг тэмдэглэсэн байна.
Австралийн Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордон олон зуун монгол залуучууд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, эх орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэхийн зэрэгцээ Монгол, Австралийн харилцааны нэгэн гүүр болж байгаад бахархдаг талаар ярилцжээ.
“МИАТ компани” Cathay Pacific /Катэй Пасифик/ компанитай аяллын дугаар хамтран эзэмшиж Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн хотууд руу нислэг үйлдэх болсон нь хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх сайхан боломж гэдэгт талууд санал нэгдсэн байна.
Үзсэн: 1199
Tweet