Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-12-2024
монгол

Шинэ мэдээ

Зэвэг загасыг сэргээн нутагшуулж байна


Densmaa 2017-09-04 05:09

Зэвэг загасыг аквариумд өсгөх судалгааг хийж эхэлээд байна. Туул голоос 400 орчим зэвэг загасны жараахай авчирч, аквариумын нөхцөлд тэжээгээд байгаа гэнэ.

        Зэвэг загасыг Орос болон Англиар Ленок гэж нэрлэдэг. Зэвэг нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдардаг.  Манай орны Сэлэнгэ, Дэлгэр мөрөн, Идэр, Орхон, Ерөө, Туул, Чулуут, Суман гол, Тэрхийн Цагаан нуур, Хөвсгөл болон Дархадын хотгорын нуурууд мөн Онон, Хэрлэн, Халх гол, Буйр зэрэг нуурт голдуу тархсан байдаг. Зэвэг загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран бараан, цайвар гэсэн 2 янз бий. Биеийн урт нь 70 хүртэл см, харин биеийн жин нь 8 кг хүрдэг. Хөвсгөл аймагт баригдсан хамгийн том зэвэг нь 73 см урт, 8,4 кг жинтэй байжээ. Зэвэг загас 15 орчим насалдаг. Жил бүрийн 4-р сарын 1 өдрөөс 6-р сарын 15 өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглосон байдаг байна. Төрийн болон төрийн бус байгууллага хувь хүмүүс загас сэргээн нутагшуулах зорилгоор багаггүй ажил өрнүүлж байна. Тухайлбал Зэвэг загасыг аквариумд өсгөх судалгааг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийнхөн хийж эхэлээд байна. Ингэхдээ Туул голоос 400 орчим зэвэг загасны жараахай авчирч, аквариумын нөхцөлд тэжээгээд байгаа гэнэ. Одоогоор 300 орчим жараахай 2 сантиметр болтлоо өсч, хоолондоо ч дасчээ. Энэ талаар Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн мэргэжилтэн С.Бямбабаяраас  тодрууллаа.

     С. Бямбабаяр:  Туул голоос Зэвэг загасын түрсийг авдаг. Туул голын эхэнд үржүүлж амьлуулаад буцааж голд нь тавих ийм үйл ажиллагаа явагддаг. Тэндээс манайх аквариумдаа авч ирж тэжээвэл ямар байх нь вэ гэж туршиж үзэж байна.  Цаашид ингэж аквариумд үржүүлж болох юм уу үгүй юм уу гэдгийг судлаж байгаа юм. Энд авч ир замд зарим нь үхсэн.  Одоо бол харьцангуй сайн байна. Хоолондоо дасаж байна. Бид 400 орчим жараахай авч ирсэн.  Одоо 300 орчим бий. Манай аквариум усыг шүүж голын найрлагатай болгодог. Өөрөөр хэлбэл голын загасыг тэжээх зориулалттай. Энд үржүүлж болож байвал хойтон жил  энэ ажлаа үргэлжлүүлэх зорилготой байна.

       Зэвэг загасны бие нь хажуугаасаа хавчгардуу, ам тэгш, жижиг, дээд эрүү нь богинохон, хайрс  нь жижиг. Биеийн хажуу, толгой, нурууны болон сүүлний сэлүүрүүд дугуйвтар том хар толботой. Биеийнхээ хажуугаар 5-6 зэсэн улаан судалтай. Бэлгийн бойжилт нь 5-8 настайдаа гүйцдэг байна. Нэг удаа түрс шахахдаа 4-15 мянган ширхэг түрс гаргадаг. Газар зүй цаг уурын байдлаас хамаарч 4-өөс 6-р сард түрсээ шахдаг төдийгүй түрс нь улбар шар, ягаавтар өнгөтэй байдаг. Зэвэг загасыг аквариумын нөхцөлд тэжээх туршилт үр дүнтэй байвал ирэх жилээс үргэлжлүүлэн өсгөж үржүүлэх төлөвлөгөөтэй байна.

      С. Бямбабаяр:  Зэвэг загасны өсөлт нь тийм ч хурдан биш. 8 сарын хугацаанд 5-10 см болох байх. Өмнө нь том зэвэг загас тэжээж байсан. 15 орчим см-тэй загас ирээд 40 орчим см болж өсссөн, харьцангуй дасах чадвар сайтай загас. Хадран загастай харьцуулбал дасах чадвар нь илүү.  Байгалийн зэрлэг амьтан учраас эргээд усанд нь тавихад амьдрах чадвар сайтай байдаг. Японоос загасны хоолыг авч ирж өгч байгаа. Томроод ирэхээр царцаа зэрэг байгалийнх нь хоолыг өгнө. Байгаль дээрээ голын ёроолын жижиг амьтдаар хооллодог. Манайд таван зүйлийн загас байгаа.

      Хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гол горхины урсац татарч байгаа энэ цаг үед тусгайлан цөөрөм байгуулж загас үржүүлэх нь голын ай савын тухайн хэсгийн хамгаалалтыг сайжруулж экосистемийн доройтлыг хязгаарлах, загасны байгалийн нөхцөл дэх амьдралын эргэлтийг хурдасгаж, товарлаг чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.  Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, загас судлаач, “Жижиг горхи” ТББ-ын тэргүүн Г.Баасанжав “Байгалийн усан санг цөөрмийн зориулалтаар ашиглан загас өсгөн үржүүлэх” төсөл хэрэгжүүлж байна. Монгол оронд цөөрмийн аж ахуй байгуулж, загас үржүүлэх ажиллагаа төдийлөн хөгжөөгүй байгаа учир энэ төслөөр хийсэн ажил нь цаашид цөөрмийн аж ахуй байгуулж, загас үржүүлэх хүсэл сонирхолтой хүмүүст анхан шатны мэдлэг олгох туршилтын суурь бааз болж байгаа юм.

   Монгол оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлийн загас бий. Тэдгээрийн гучаад нь агнуурын загас төдийгүй Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар тархжээ. Манай орны давстай, давсгүй нуур болгон загастай, тэдгээрт хүнд хортой идэж болдоггүй загас бараг байдаггүй юм.

Үзсэн: 5728

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна