100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээр "Говь" ХК дэлхийд №1 болно
2021 он гэхэд "Говь" ХК гадаад зах зээл дэх дэлгүүрийн тоог 100-д хүргэж, нэрийн 20 дэлгүүртэй болохыг зорьж байгаа юм байна.
Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Говь" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцууллаа. “Говь” ХК нь 100 хувь ноолууран пальтоны үйлдвэрлэл болон борлуулалтаараа Дэлхийд №1 болох зорилт тавин ажиллаж байгаа төдийгүй тайлант хугацаанд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Эхний хагас жилд БНХАУ-ын Эрээн болон Бельгийн Брюссель хотуудад нэрийн дэлгүүрээ амжилттай нээж, гадаад зах зээлээ тэлсэн байна. Тус компани өөрийн онлайн худалдааны сайттай болсноор дэлхийн хаанаас ч “Говь” брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болжээ. Мөн эхний хагас жилд оёмолын шинэ үйлдвэрийн нээлтээ хийж, оёмолын нийт хоёр үйлдвэртэй болж, жилд 100 мянган ширхэг ноолууран пальто үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.
"Говь" ХК нь цаашид гадаад зах зээл дээрх “Говь” брэндийн нэрийн дэлгүүр болон франчайзингийн стратегийг газар зүйн бүс болон зах зээл бүрийн онцлогт тохируулан боловсруулан хэрэгжүүлж, 2021 он гэхэд гадаад зах зээл дэх дэлгүүрийн тоог 100-д хүргэж, нэрийн 20 дэлгүүртэй болохыг зорьж байгаа юм байна.
Үзсэн: 1672
Tweet