Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол үлэг гүрвэлийн олон улсын төсөл” хэрэгжинэ


Densmaa 2017-08-30 04:08

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 400 гаруй төрөл зүйлийн үлэг гүрвэл олдсон байдаг. Эдгээрийн 80 гаруй төрөл зүйл нь Монголын нутаг дэвсгэрээс олдсон.

 

    "Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл" –ийг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Японы Окаяамагийн шинжлэх ухааны сургуультай хамтран  ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр болоод байна. Түүнчлэн Монголоос жил бүр дөрвөн залуу судлаач, оюутныг Японд сургах юм.  Саяхан Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хооронд "Харилцан ойлголцлын санамж бичиг" байгууллаа. Японы Окаяамгийн шинжлэх ухааны их сургуулийн ерөнхийлөгч Яасунобу Яанагисавагаас төслийн хүрээнд хийгдэг ажлын тараао асуусан юм.

        Яасунобу Яанагисава: Бидний эрдэм шинжилгээний гол нэг чиглэл нь эртний үлэг гүрвэлийг судлах. Түүний хөлийн мөрийг судлаад ямар хөдөлгөөн хийж байсан, ямар хугацаанд амьдарч байсан зэргийг судална. Мөн амьдарч байсан газрын хөрсийг судлаж байна.  Энэ төслийн бас нэг зорилго бол зөвхөн эрдэм шинжилгээ биш, боловсон хүчин бэлтгэх явдал юм. Ирээдүйд хүмүүсийг сургахад анхаарч байна. Монголоос жил бүр 4 хүн сургахаар санамж бичигт тусгасан.  Тиймээс монгол залуу эрдэмтдийг Японд аваачиж шинжлэх ухааны ололтыг эзэмшүүлж, буцаад эх орондоо хувь нэмрээ оруулах тийм боловсон хүчнийг бэлтгэж өгөхийг зорьж байна. Түүнчлэн манай Окаяам их сургуулиас 10–н оюутан монголд ирж говьд уул уурхай судалгааны ажил хийж байгаа. Энэ нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд туршлага болж байгаа гэж үзэж маш их баяртай байна.

    1992 оноос хойш Монголын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн Японы Окаяма хотын шинжлэх ухааны байгууллагатай хамтран “Монголын говийн эртний экосистем” сэдэвт палеонтологи, геологийн чиглэлийн судалгааг хийж ирсэн.  Уг судалгааны явцад Монгол, Японы эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэлийн олон сонирхолтой олдворыг нээн илрүүлж, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Улмаар хамтарсан судалгааны ажил улам өргөжиж, Окаямагийн Шинжлэх ухааны их сургуультай  хамтран “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл”  хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ юм. Үлэг гүрвэлийн судалгаанаас гадна байгалийн орчин нөхцөл, мөн үлэг гүрвэлээр дамжуулаад Монголын говийн эртний экосистемийг сэргээн тогтоох судалгаанууд хийгдэх юм байна. Энэ талаар ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас тодруулсан юм.

 Х.Цогтбаатар:Өнөөдрийг хүртэл хийж байсан судалгаа бол Палеонтологийн судалгаа байсан. Өөрөөр хэлбэл эртний хөхтөн амьтны хайж олоод түүн дээр нарийвчилсан судалгаануудыг хийж ирсэн. Одоо тухайн цаг үеийн байгаль орчныг нь сэргээн судлах юм. Энэ судалгааг зөвхөн  палеонтологичид дагнан судлах боломжгүй. Окаяамагийн шинжлэх ухааны сургууль багж тоног төхөөрөмж сайтай.  Үүнийг түшиглэж олдвор болгоны насжилтыг тогтоох нарийвчилан судлах, түүнчлэн үлэг гүрвэлийн амьдарч байсан цаг үед манай Монголын говь маань ямар байсан бэ? гэдгийг сэргээх ийм нарийн  судалгаанууд хийгдэх юм.

     Манай улс үлэг гүрвэлийн олдвороо АНУ, БНХАУ-ын дараа, дэлхийд гуравдугаарт ордог. Гэхдээ энэ нь харьцангуй ойлголт. Тухайлбал, Цэрдийн галавын үеийн, эсвэл тодорхой нэг бүлэг үлэг гүрвэлийн олдвороор манай улс дэлхийд тэргүүлэх тохиолдол бий. Манай орноос олдож байгаа үлэг гүрвэлийн олдворууд бусад орныхныг бодвол харьцангуй бүтэн байдаг. Учир нь Цэрдийн галавын үед Монгол орон хуурай газрынхаа хэв шинжийг аль хэдийн олчихсон байсан, учраас мөхсөн амьтан газарт удаан хадгалагдах нөхцөл бүрдсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Одоогоор олон улсын хамтарсан болон бие даасан 10 гаруй  баг  хээрийн судалгаа хийгээд байгаа тухай ШУА-ийн Палентологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар хэлж байлаа.

      Х. Цогтбаатар:  Одоогоор олон улсын хамтарсан болон бие даасан 10 гаруй  баг  хээрийн судалгаа хийгээд байна.  Тэр бум гаруй жилийн өмнөх цаг үеийн амьдралыг хүртэл  судалж байгаа.  Зарим судлаачид нүдэнд үзэгдэхгүй микроскопоор л харах тийм эртний амьтан ургамлыг судалж байна. Бактерийн палеонтологийн шинэ чиглэл бий болчихсон. Үүнээс хоцрохгүйн тулд хүнийн нөөцөө бэлтгэж байна. Монгол улс үлэг гүрвэлийнхээ судалгаагаар  дэлхийд эхний гуравт ордог учраас дэлхийн жишигт нийцсэн музей байгуулах хэрэгтэй.

        Өнөөдрийн байдлаар дэлхий дээр  400 гаруй төрөл зүйлийн үлэг гүрвэл олдсон байдаг. Эдгээрийн 80 гаруй төрөл зүйл нь Монголын нутаг дэвсгэрээс олдсон. Дэлхийд гайхагдах олдворууд ч цөөнгүй байдаг байна.  Тухайлбал өмнө нь олдож байгаагүй бөөнөөрөө хадгалагдаж үлдсэн 15 үлэг гүрвэлийн зулзаганы яс олдсон. Мөн зургаан шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг олж нээсэн. Түүнчлэн Монголд анх удаа үлэг гүрвэлийн мөрний судалгааг Монгол-Японы хамтарсан экспедици судалж эхэлснээрээ палеонтологийн судалгаанд шинэ дэвшил гаргасан юм. Бусад оронд үлэг гүрвэлийн зөвхөн мөр нь олддог бол манайд нэг давхаргаас чулуужсан яс нь мөртэйгөө цуг олдсон байна. Ихэвчлэн Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Говь-Алтай аймгийн зарим газраас үлэг гүрвэлийн олдворууд олддог.  

                                                               

Үзсэн: 2300

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна