Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-09-20
mongolia

Шинэ мэдээ

"Монгол судлал" хүрээгээ тэлсээр байна


Densmaa 2017-08-29 02:08

Олон улсын монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр нь монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, тус чиглэлээр суралцаж буй гадаадын оюутан залуусыг монгол судлаач болоход нь хөтлөх зорилготой юм.

      Монгол орныг шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй судалж эхэлснээс хойш 150 гаруй жил болжээ. 20-р зууны тэргүүн хагаст Финлянд, Орос, Герман, Польш, Францын эрдэмтэд монгол хэл аялгуу, бичгийн дурсгал, сурвалж бичиг, аман зохиолын талаар олон томоохон бүтээл туурвижээ. Энэ үед Ленинград, Берлин, Парис монгол судлалын гол төв нь болж байсан юм.

20-р зууны дунд үеэс эхлэн өрнөдийн олон оронд монголыг судлах сонирхол эрс нэмэгджээ. Зөвхөн Америкийн Нэгдсэн Улсаар жишээ болгож дурдвал, 1936 онд Калифорни их сургуульд, 1946 онд Харвард их сургуульд, 1949 онд Вашингтон их сургуульд, 1951 онд Жон Хопкинз их сургуульд, 1963 онд Индиана их сургуульд, 1970 онд Баруун Вашингтоны их сургуульд монгол судлалын төвүүд тус тус нээгдэн ажиллах болсон байна. Харин Азийн орнуудын хувьд гэвэл, 1912 онд Токиод, 1920 онд Осакагийн их сургуульд монгол хэлний анги нээгдсэн бөгөөд тэдгээр нь өдгөө японы монгол судлалын гол төв болж байна. 1950-иад оноос Бээжингийн их сургууль, Төвийн үндэстнүүдийн их сургууль, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн дээд сургуульд монгол судлал эхлэн хөгжиж, Монгол улсаас нэртэй эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулж байжээ.

Эдүгээ Англи, Франц, Финлянд, Герман, Унгар, Польш, Чехословак, Болгар, Румын, Швед, Австрали, Түрк, Иран, Израйл зэрэг дэлхийн хорь гаруй орны 50 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд олон зуун эрдэмтэд монгол судлалын сургалт, судалгааны ажил явуулж байна.  Тэдгээрийн дотроос Америкийн Индиана их сургууль, Английн Кэмбриж их сургууль, Францын Сорбонны их сургууль, Унгарын Өтвөш Лоранд их сургууль, Чехийн Карлын их сургууль Японы Токиогийн Гадаад Судлалын их сургууль, Солонгосын Данкүүк их сургууль идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Монгол судлал нь монгол улс, монголчуудыг гадаад ертөнцөд зөвөөр таниулах хамгийн чухал гүүр нь юм. Тиймээс монгол судлалыг улам эрчимжүүлж, монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, тус чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг монгол судлаач болох зам уруу хөтлөх зорилгоор “Ирээдүйн Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр”-ийг “EBI” бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж эхлээд байна. Тус хүрээлэнг МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2008 онд байгуулжээ.    

     Ингээд та бүхэнд Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор О. Заяабаатарын яриаг сонсгоё.

     Д. Заяабаатар: Монгол судлал гэдэг бол нэг хэдэн судлаачид өөрсдийнхөө амь зуух, амьдрах эрх ашиг болгосон зүйл биш юм. Монгол судлал гэдэг бол Монгол улс оршин тогтнож, монгол үндэстэн сэтгэлгээний эв нэгдэлтэй байх ийм том өргөн хүрээтэй зүйл гэж би ойлгодог. Монгол судлалд хэл соёл, түүхээс гадна Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн бүхэл бүтэн толгтолцоог өнөөдөр хамруулан үзэж байна. Тийм учраас бид өнөөдөр Монгол судлалыг дэмжиж, гадаад дотоодод хөгжүүлэх чиглэлд төр, судлагааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид хамтран ажиллах ёстой юм. Монгол судлаачид гэдэг бол өнөөдөр дэлхий ергтөнцөд монгол орны тухай, монголчуудын тухай хамгийн үнэн зөв бодит мэдээллийг түгээдэг хүмүүс. Тэдэнд шинжлэх ухаан гэдэг ганцхан үнэн байдаг. Шинжлэх ухааны олон салбарын үүднээс монголчууд бидний тухай, Монгол орны тухай дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт судлагаа шинжилгээгээрээ харуулж, биднийг сурталчилдаг. Тийм учраас монгол судлаачдыг бид дэмжих ёстой. Тэгвэл монгол судлал, монгол судлаачдыг цаашид илүү дэмжиж, ирээдүй хойч үеийг бэлтгэхийн тулд ямар үйл ажиллагаа хэрэгтэй вэ гэдгийг EBI бодлогын судлагааны хүрээлэнгийнхэн зөв олж харжээ гэж би бодож байна.

      “Ирээдүйн Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрт энэ жил улс улсдаа монгол хэлний мэдлэгээр өрсөлдөн тэргүүлсэн монгол судлалын чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй Америк, Польш, Солонгос Энэтхэг, Орос, Швейцарь, Японы 9 оюутан залуу хамрагджээ. Бид “EBI” хөтөлбөрт хамрагдаж байгаа БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн оюутан Их Хён Бок болон Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн төгсөгч, залуу судлаач Арина Александровна Назина нараас сэтгэгдлийг нь сонслоо.    

       Их Хён Бок: Намайг И Хён Бок гэдэг. Монгол нэрийг Чингүн гэдэг. Энэ хөтөлбөрийг зохион байгуулан бидэнд тусалж дэмжиж байгаа Элбэгдорж хүрээлэнгийн хамт олонд талархлаа илэрхийлье. Би яагаад монгол судлалыг сонирхох болсон бэ гэхээр би бага байхдаа зохиолч болохыг хүсдэг байсан. Дунд сургуулийн 10-р ангид байхад дэлхийн олон үндэстний үлгэр, домгийг уншиж байгаад “Гэсэр” туулийг уншснаас хойш монгол судлалыг сонирхох болсон. Ингээд Данкуукийн их сургуулийн монгол судлалын тэнхимийн оюутан болсон. Би Монгол орны талаар юу гэж боддог вэ гэхээр, Моэнгол улс өргөн уудам газар нутагтай, үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай. Хүн амын хувьд цөөхөн. Хөдөө орон нутагт амьдарч байгаа нүүдэлчин малчдын амьдрал их өвөрмөц. Ялангуяа зочныг угтах, хүндлэх зан үйл нь нэн сонирхолтой. Их зочломтгой, найрсаг ард түмэн. Хүн амын хувьд цөөн ч гэсэн нэр алдартай түүхэн хүмүүс олон байдаг. Их эзэн Чингис хаанаас эхлээд өнөөгийн сүмо бөхийн их аварга Дагвадорж хүртэл олон алдартай хүмүүс бий. Түүнчлэн Монголчууд үндэсний соёл, өв уламжлалаа ихтэй, Үүнийгээ ч үнэхээр сайн хайрлаж хамгаалдаг нь бахархууштай. Морин хуур, хөөмий, уртын дуу, урианхай үндэстний тууль гэх мэт.

       Арина Александровна Назина: Би Монголын ойр хөрш ОХУ-аас ирсэн. Энэ зун би их сургуулиа төгсөөд бүс нутгийн судлалаар бакалаврын зэрэг хамгаалсан. Би энэ мэргэжлээсээ шалтгаалаад молнгол орныг судлах болсон. Их сургуульд сурч байхад агуу түүхт энэ улсын гайхамшигтай хэлийг үзэх завшаан тохиолдсон юм. Би монгол судлаач, монгол хэлний орчуулагч болох хүсэлтэй. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд би энэ хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Цагаан идээ идэх, монгол гэрт амьдрахаас гадна монголчуудын өвөрмөц олон ёс заншилтай танилцах болсондоо таатай байна. Монгол оронд дахин дахин ирж, сонирхолтой шинэ зүйлстэй танилцах болно.

     Хөтөлбөрт хамрагдсан эдгээр оюутан залуус 10 хоногийн хугацаанд монгол судлалын салбартаа тэргүүлж буй монголын шилдэг доктор, профессоруудын лекцийг сонсож, түүх, шинжлэх ухааны академитай танилцжээ. Мөн хөдөө, орон нутгийг зорьж, монгол ахуйтай танилцахын зэрэгцээ амьдрах гэрээ өөрсдөө барьж, буулгаж, мал маллаж, цагаан идээ хийх аргачлалаас суралцсан байна. Олон Улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийг цаашид хоёр жилд нэг удаа зохион байгуулж байх юм байна.

Үзсэн: 79

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна