Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Гэрийн номын сан"


Densmaa 2017-08-29 05:08

Ном судрыг эрдэмтэн мэргэд, хаад ноёд, лам хуврагууд цуглуулаад зогсохгүй, энгийн ардууд ч сонирхон уншиж цуглуулдаг байжээ.

     “Номын сан” хэмээх үгийн ном нь судар, сан нь хадгалах, баяжуулах, цуглуулах, бөөгнөрүүлэх буюу хөмрөг гэсэн утгатай Грек үгнээс гаралтай. Монголчуудын номоо цуглуулан хадгалж ирсэн соёл нь гэрийн номыг сангаас эхтэй. Ном унших, хүндлэх соёлын үүднээс төрөл төрлийн ном судар цуглуулах, гараар хуулан бичиж хадгалах зэргээр сан хөмрөгөө арвижуулж байсан мэдээ сэлт тэртээ ХIII - XIV зуунд холбогддог байна. Гэрийн номын сангийн тухай мэдээ баримтыг ХҮ зуунаас дэлгэрсэн хувийн номын тэмдэг тийзтэй холбогдуулан магадлаж болно. Ийм тэмдэг тийз 2000 гаруй олдоод байгаа нь үүнийг гэрчлэх бас нэг баримт юм. Монголчуудын номын тэмдэг нь тухайн эзэмшигч хүний нэрийн эхний үсгийг санскрит, төвд, монгол үсгээр сийлсэн байхаас гадна зарим нь эртний овгийн тамга дээр сийлсэн байдаг. Мөн соёмбо, түмэн өлзий, цагаан лавай, очир, хорол, нар, сарны дүрстэй бас “Амгалан оршиг”, “Ариунаар дэлгэрэх болтугай” гэх зэрэг ерөөл билэгдлийн үгийг төвд, монгол эвхмэл үсгээр бүтэн бичсэн гурвалжин, дөрвөлжин дугуй, зургаа-найман талт хэлбэртэй тэмдэг тийз байна.           

     Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны бичээч Түмэнбаяр, мөн аймгийн малчин Галсанпунцагийн Гочоо, Сайн ноён хан аймгийн Сэцэн вангийн хошууны бичээч Бэгз мөн аймгийн Чин сүжигт номун хан хутагт гэж алдаршсан Жамъянгаравын Цэдэнбалжир нарын зэрэг хувийн номын сандаа монгол , төвд , самгарди , манж хэлний олон ном судар, түүх, уран зохиол, гүн ухааны дурсгалт бичгийн цуглуулгатай хүмүүс олон байжээ. XX зууны томоохон хувийн номын санд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Чой Лувсанжав, Ц.Шагдарсүрэн нарын бичгийн эрдэмтдийн цуглуулсан бичиг соёл, хэл, нэр томьёо, соёл иргэншлийн, эрт эдүгээгийн судар шастир, Монголын төр засгийн удирдагчаар ажиллаж байсан Ю. Цэдэнбалын улс төр, нийгэм түүхийн номын сан - номзүй судлалын ховор нандин ганц хувьтай номын цуглуулга олон бий. 

     Харин энэ цаг үеийн томоохон хувийн номын сантай эрдэмтэн судлаачдын төлөөлөл болох  Монгол уламжлал академийн тэргүүн доктор, профессор, судлаач Л.Дашнямтай уулзаж гэрийн номын сангийн талаар асууж сонирхлоо.

      Л. Дашням: Би монгол судлалын номын сан бий болгож үлдээе гэж боддог. Гэрийн номын сан бол бүх номын сангийн эхлэл үүсгэл байдаг.  Номтой мэдлэгтэй эрдэмтэй хүмүүс номонд хайртай.  Номоо цуглуулдаг түүнийгээ хэрэглэж чаддаг. Түмэн олонд түгээж чаддаг оюуны хөрөнгө оруулагчид байдаг. Гэрийн номын сан их чухал. Гэрийн номын санг эрдэмтэд яагаад чухалчилдаг гэхлээр гар доор нь үзэх харах зүйл нь зайлшгүй байдаг. Үргэлж номтойгоо ажилладаг учраас маш чухал. Гэрийн номын сантай эрдэмтэд гэрээсээ гаралгүй  бүтээлээ туурвил судалгааны ажлаа хийдэг. Манай улсын хувьд гэрийн номын сан бол эртний уламжлалтай.  Ялангуяа монгол судлалын талын түүх, соёлын их сайхан ном санг ахмад үеийнхэнд байдаг. Үр хүүхдүүд нь одоо үргэлжлүүлэн авч явж байна.

          Гэрийн номын сан нь гэр бүлийнхний сурч боловсрох орон зай байхаас гадна амралтаа зөв өнгөрөөх тав тухтай орчин болж чаддаг. Орчин үед айл өрхүүд гэрийн номын сантай болох хандлага ихэсч байна. Гэрийн номын сан байгуулахад тодорхой стандарт байхгүй, зориулалтын тусгай өрөө шаардлагагүй. 

        Л. ДашнямНом өөрөө түүхэн замналыг туулдаг. Миний номын сангийн хувьд эхлээд уран зохиолын ном зохиолоос бүрдэж байсан. Голцуу орос хэлээр уншдаг болохоор тухайн хэл дээрх зохиол бүтээлийг цуглуулсан. Мөн бүр багаасаа философи сэтгэлгээний ном сонирхох болсон. Сүүлдээ судалгааны ажилд ороод  шинжлэх ухааны талын ном цуглуулах болсон. Уран зохиолын номтойгоо тооны хувьд ойролцоо болж ирсэн. Дараа нь эрдэмтэн болоод монгол судлалын чиглэлийн ном, зохиол, бүтээл сонирхох болсон. Одоо миний номын зонхилох хувийг  монгол судлалын ном эзэлж байна. Хуучирдаггүй үнэ цэнэтэй ном гэж бий. Номын сангийн нэг бүрдэл хэсэг бол өөрийн ямар хүрээллээс хамаарч  цуглардаг дурсгалт ном байдаг. Номын сангаа дагаад номын соёл бий болгодог. Номтой холбоотой цуглуулаг байдаг. Миний номын сангийн бүрдэл хэсгийн хамгийн том нь толь бичгүүд юм.  

      Монгол улсын Засгийн газраас Номын сангийн тухай бие даасан хууль гаргаж, нэгдсэн зохицуулалт хийгээд байгаа билээ. Энэ нь манай улсын хувьд номын сангийн чиглэлээр гарах анхдагч хууль юм. 7 бүлэг, 27 зүйл заалт бүхий энэ хуулинд хувийн номын сангийн асуудлыг тусгаж өгсөн. Ингэхдээ чухал ач холбогдол бүхий ном судартай хувь хүнд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангана гэж заасан байдаг. Одоогоор тус хуулийн журмыг боловсруулах ажил өрнөж байна.

Үзсэн: 3789

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна