НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга малын гаралтай түүхий эдийг малчдаас худалдан авч, нэмүү өртөг шингээж экспортолдог эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх нь ихээхэн чухал байгааг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэшийг өчигдөр хүлээн авч уулзлаа. НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэш Монгол Улсын Ерөнхийлөгчид тус байгууллагаас Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааг товчхон танилцуулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх болон хүн амын хэрэглэж буй хүнсний чанар найрлагыг сайжруулахад тухайлан анхаарч байгааг онцолжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ тус байгууллагатай олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байсан хүний хувьд цаашид НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр малчдын амьжиргааг дээшлүүлэхэд тус байгууллагаас анхаарч байгаад талархал илэрхийлээд, малын гаралтай түүхий эдийг малчдаас худалдан авч, нэмүү өртөг шингээж экспортолдог эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх нь ихээхэн чухал байгааг онцоллоо.
Үзсэн: 1517
Tweet