“Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе”
Хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох нь эхийн эрүүл мэндэд ч тустай байдаг. Тухайлбал хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор жил тутам 20 мянган эмэгтэйг хөхний хорт хавдар өвчнөөс сэргийлж чаддаг байна.
Жил бүрийн 8 дугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.
Манай улс энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоногийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөг, шийдвэр гаргагч нарт дээрх эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг тус тус зохион байгуулах юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод байна. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлжээ. Тухайлбал, 2016 онд гарсан улаанбурханы дэгдэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь 6 хүртэлх сартай хүүхдүүд байсан бөгөөд эхийн сүүгээр дагнан хооллоогүй хүүхдүүд байжээ. 6 сар хүртэлх сартай хүүхэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдах насанд хүрээгүй байдаг тул эндэгдлээс хамгаалах цорын ганц арга нь эхийн сүүгээр хооллох юм.
Эхийн сүүгээр дагнан хоололт буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөлгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаагийн улмаас эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа зэргээс шалтгаалж байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш бөгөөд нийгмийн бүх салбарт энэ асуудлыг анхаарч хамтран ажиллах шаардлагатай юм. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд эхийн сүүгээр бойжсон хүүхэд эрүүл саруул өсөн торниж, нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшиж, улс орныхоо ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.
ЭХЭМҮТ-ийн Нярай судлалын тасгийн их эмч Д.Тунгалаг ийнхүү ярьж байна.
Ангир уургаа амлуулснаар нярайн эндэгдлийг 22 орчим хувиар бууруулж чаддаг байгаа. Тийм учраас ангир уураг, хөхний сүү бол юутай ч зүйрлэшгүй хүүхдэд хамгийн хэрэгцээтэй тэжээл болно. Хөхний сүүнд маш олон амин дэм дархлаа дэмжих бодисууд байдаг. Тэгэхээр хөхөөр хооллосон хүүхдүүд өвдөх нь бага байдаг. Мөн энгийн, нэмэлт тэжээлээр хооллосон хүүхдүүдийг бодвол таргалалтанд өртдөггүй.
Хүүхдийг зургаан сар хүртэл дан хөхөөр хооллож, хоёр нас хүртэл нь эхийн сүүнээс гадна шаардлагатай нэмэгдэл хоол өгч байхыг уриалсан НҮБ-ын Ерөнхий Асамблейн зөвлөмж 2002 онд гарсан байдаг. Энэ бодлогыг дэмжиж, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний зохицуулалтын тухай манай улс хуульчилсан бөгөөд ийм хуультай 38 дахь орон болсон юм.
Түүнчлэн 2017 оны 5-р сард Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болгон баталсан нь эхийн сүүгээр хооллолтыг дэмжих том алхам болжээ. Ингэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан байна.
Сүүлийн судалгаагаар манай улсын хилээр 5-6 төрлийн 500 гаруй мянган тонн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг Швейцарь, Герман, Америк зэрэг орнуудаас оруулж иржээ.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулсан юм.
Тус газрын мэргэжилтнүүдийн ярьснаар "Сүү орлуулагч бүтээгдэхүүний талаар Монгол улс 2005 онд хуульчилан баталсан. Гол нь бид нар эхийн сүүнд ач холбогдол өгч байна. Сүү орлуулагч бүтээгдэхүүнийг оруулж ирэх, Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах энэ бүгдийг албан ёсоор хориглосон байгаа. Гэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдол байж болно. Тухайн хүүхдийн эх ямар нэгэн өвчний улмаас нас барсан байж болно, эсвэл хөхөнд нь сүү орохгүй ямар нэгэн шалтгаан байж болно. Тиймээс чанарын баталгаатай сүү орлуулагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх ёстой. Тэрэнд хяналт тавьдаг газар нь мэргэжлийн хяналтын газар юм" гэлээ.
Хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй эхийн эрүүл мэндэд ч тустай байдгийг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор жил тутам 20 мянган эмэгтэйг хөхний хорт хавдар өвчнөөс сэргийлж чаддаг бол чихрийн шижин болон өндгөвчний хорт хавдрын өвчлөл мөн тус тус буурдаг байна.
ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасгийн их эмч Батзул эхийн сүүний ач холбогдлын талаар ярихдаа: Эхчүүдийн хувьд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллосноор нэгдүгээрт эх хүүхдэд хоёуланд нь ач холбогдолтой. Хүүхдэд гэвэл анхны дархлаа тогтоно. Хүүхэд физиологийн шарлалтаас сэргийлнэ. Хоёрдугаарт төрсний дараа эрт үедээ хүүхдээ амлуулснаар умайн агшилт сайжирч, цус алдалтаас сэргийлж чаддаг. Гол нь эрт үедээ хүүхдээ хөхүүлснээр ямар ач холбогдолтой вэ гэхээр хөхний сүүний гарц нэмэгдэнэ. Хожуу, сүүл үед умайн агшилт суларч умайн хөндийд шавхарга хуримтлагдахаас сэргийлж өгдөг. Хоёрдогч халдвараас сэргийлж өгдгөөрөө их ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.
Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого"-ыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээс хойш 25 жил болж байна.
Мөн Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр өнөөдрийг хүрчээ. Хүүхдийн эрүүл мэнд, хооллолтын талаарх эрчимтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурч, Дэлхийн Мянганы хөгжлийн зорилтыг хангах зорилтдоо хүрээд байгаа юм.
“Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн өдөр”-ийн хүрээнд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлуудыг эргэн харах, Хүүхдийг эхийн сүүгээр хооллох болон нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудал дахь бэрхшээлийг шийдвэрлэх, цаашдын арга хэмжээг тогтоох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Үзсэн: 2295
Tweet