Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар тодруулж, тэтгэврийн зээлд жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцжээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулснаар Монголбанкны хувьд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк 1,3 тэрбум ам долларын санхүүжилт хийх ёстой. ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа юм байна. Гэтэл монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар асуун тодруулж, тэтгэвэр, цалингийн зээл нь эрсдэлгүй зээл атал арилжааны банкууд мөнгө хүүлэх байдлаар, тухайлбал, тэтгэврийн зээлд сарын хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлж байлаа. Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэдийн арилжааны банкуудаас авсан хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг байгаа юм байна.
Үзсэн: 1438
Tweet