Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аппликейшн бүтээжээ
Энэхүү аппликейшн нь хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрэгцээ хүсэл сонирхлоо илэрхийлэхэд дөхөм болох юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшны туршилтын эхний хувилбарыг танилцууллаа.
Энэхүү аппликейшн нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгосноос гадна Монгол дохионы хэл суулгаснаараа онцлогтой. Бас нэг ач холбдогдол нь Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхлоо илэрхийлэхэд дөхөм болж тэдэнд үргэлж байдаг айдас ганцаардлыг багасгах явдал юм байна.
Энэхүү бичил төслийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа Австралийн сайн дурын ажилтан Жасинта Харфорд болон гадаад харилцааны алба, Мэдээлэл технологийн үндэсний паркт ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтан Бенжамин Гибсон, Батхуяг нар хамтран бичиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх дэмжлэг болох Австралийн Засгийн газрын тэтгэлгээр хийгээд байна.
Аппликейшныг хийсэн баг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тус төсөл дээр ажилласан бөгөөд цаашид сайжруулан хөгжүүлэхээр ажиллаж байна.
Үзсэн: 1093
Tweet