Гадаргын усны ашиглалтыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ
Мэргэжлийн болон ТББ-ууд оролцсон семинарын үеэр сав газрын менежмент ба ус ашиглалт, эко системийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг нэвтрүүлэх, Тайширын усан цахилгаан станцын талаар ярилцсан байна.
Монголын байгаль орчны иргэний зөвлөл АНУ-ын Нью Мексикийн Байгаль орчны судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол, АНУ, ОХУ, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан семинарыг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Тус семинарын хүрээнд Сав газрын менежмент ба ус ашиглалт, Эко системийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг Монголд нэвтрүүлэх боломж, Тайширын усан цахилгаан станцын нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө сэдвээр үндсэн илтгэлүүдийг толилуулсан юм.
Одоогийн байдлаар Монголд үйл ажиллагаагаа явуулж буй усан цахилгаан станцуудаас хамгийн том нь Говь-Алтай, Завхан аймгийн 18 сумын төвийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа Тайширын УЦС юм. АНУ-ын эрдэмтэн, Нью Мексикийн Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн захирал Пол Робинсон Тайширын УЦС-ын далангаас доош амьдарч байгаа малчин ардын сэтгэгдэл, санаа бодлыг сонсож тэдний аж амьдралд усан цахилгаан станцын үйл ажиллагаа хэрхэн нөлөөлсөн тухай судалгаа хийсэн байна.
Тэрбээр “Тус УЦС-ын усан санг дүүргэх хугацаанд Завхан гол тасарч далангаас доошоо мал маллахад ихээхэн хүндрэлтэй болсон, соёлын дурсгалт газрууд буюу сум суурингийн туурь усанд автсан зэрэг сөрөг нөлөө их гарсан” хэмээн судалгаандаа дурдаад, “Их сайн сайхны төлөө бага золиос гардаг гэж үг бий. Гэхдээ эдгээр нь шийдэж болохгүй асуудал биш” гэсэн юм.
Гадаргын усны ашиглалтыг хөгжүүлэх нь усны сав газрын экосистем, тухайн газар оронд амьдарч байгаа хүн зоны амьдрал ахуй гээд маш өргөн хүрээг хамарсан асуудал тул манай оронд Сав газрын зөвлөлийг 2004 онд анх байгуулж одоо энэ асуудлыг Сав газрын захиргаад хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үзсэн: 1001
Tweet