Улаанбаатар, Бангкок хотууд ах дүүгийн харилцаатай боллоо
Ах дүүгийн харилцаа тогтоосон нь хоёр хотын хамтын ажиллалааг эрчимжүүлж, аялал жуулчлал, соёлын харилцаа, сурагч солилцооны хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотод айлчлах үеэрээ Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг-тай уулзаж, хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог хот болсон. Ах дүүгийн харилцаа тогтоосон нь хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өсөн нэмэгдэхийн илрэл юм. Юуны түрүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь, Бангкок нь жуулчдыг хүлээн авдаг тоогоороо дэлхийд дээгүүрт ордог хот. Мөн манай улсын иргэд Бангкокт эрүүл мэндийн үйлчилгээ авахаар түлхүү ирдэг. Тиймээс хамтын ажиллагаа өргөжсөнөөр эрүүл мэндийн салбарт хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Түүнчлэн хүүхэд багачууд, залуучуудын хоорондын харилцааг хөгжүүлэх үүднээс сурагч солилцооны арга хэмжээг зохион байгуулах, соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна” гэлээ.
Бангкок хотын Захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг "Ах дүүгийн харилцааг тогтоосноор хоёр хотын хамтын ажиллагаа илүү их бэхжинэ гэдэгт итгэж байна. Ялангуяа Улаанбаатар Бангкок хооронд шууд нислэгтэй болсноор иргэд 5 цагийн хугацаанд зорчих таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар хоёр улс хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэх юм. Мөн аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. 1974 онд 2 улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа хамтын ажиллагаа маань улам бэхжиж буй. Цаашид ч хотуудын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Үзсэн: 951
Tweet