"Монголын одон орон, геофизикийн судалгаа 2017” олон улсын хурал болов
Тус хуралд 13 орны 200 орчим эрдэмтэн судлаач оролцов.
МУ газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Энэ төрлийн судалгаа шинжилгээ хийдэг боловсон хүчин дутмаг байна хэмээн Улаанбаатар хотноо болсон “Монголын одон орон, геофизикийн судалгаа 2017” олон улсын хуралд оролцогчид онцлов.
Монгол Улсад Одон Орон, Геофизикийн Хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус хуралд ОХУ, АНУ, Франц, Өмнөд Солонгос, Швейцарь, Герман, Англи, Чили, Турк, Тайвань, Хятад зэрэг 13 орны 200 орчим эрдэмтэн судлаач оролцов.
Одон Орон Геофизикийн Хүрээлэн өнгөрсөн нэгэн жарны хугацаанд нар, дэлхийн физик судлал, газар хөдлөлт болон соронзон судлал гэсэн гурван төрлөөр олон улсын хэмжээний судалгаа шинжилгээ хийдэг томоохон байгууллага болтлоо хөгжсөн. Жишээ нь 4 жилийн өмнө БНСУ-тай хамтран “Таван толгой”-д “Овал” загварын дуран суурьлуулж, энэ дурангаар од эрхэс, жижиг гаригуудын хөдөлгөөн тэдний учруулж болох аюулыг цаг алдалгүй судлах боломжтой болсон байна. Дашрамд дурдахад ШУА-ийн харьяа ООГХ нь 200 орчим ажилтантай, түүнээс 90 гаруй нь орон нутаг дахь газар хөдлөлт судлалын станцууд дээр ажилладаг ажээ.
Үзсэн: 997
Tweet