Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабу бараалхав


Densmaa 2017-07-20 04:07

Ерөнхийлөгч Х.Баттулга Indian Institute of Technology сургуулийн салбарыг Улаанбаатар хотод байгуулж өгөх саналыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу бараалхалаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Нарендра Моди нарын илгээсэн талархлын захидлыг гардуулан өгсөн юм.

   Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс нь далайд гарцгүй орон тул энэхүү сул талыг даван тулахад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Тэрээр Төрийн тэргүүний хувьд уг асуудлыг онцгой анхаарч манлайлал үзүүлэхээр төлөвлөөд буйгаа мөн онцолсон юм. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн 8 жилийн өмнө Энэтхэг Улсад хийсэн анхны айлчлалын үеэр Энэтхэгийн талаас амласан 20 сая ам.долларын зээлийн асуудал ихээхэн удаашралтай байгаа тул энэхүү хөрөнгийг Монгол Улсад мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд чиглүүлэх нь онцгой ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа. Энэ үүднээс БНЭУ-ын алдартай их сургуулиудын нэг болох Indian Institute of Technology сургуулийн салбарыг Улаанбаатар хотод байгуулж өгөх саналыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг Элчин сайдаас хүсч, уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ивээлдээ авч хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Indian Institute of Technology нь  мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх зэргийн сургууль юм. Тус сургуульд одоогийн байдлаар олон орны 60 гаруй мянган оюутан суралцаж байна. Энэтхэг Улсын Ерөнхийлөгч тус сургуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг юм байна.

   Монгол Улсын Төрийн тэргүүн мөн хоёр орны харилцаа он удаан жилийн уламжлалтай ч эдийн засаг, худалдааны эргэлтийн хувьд чамлалттай байгааг дурдаж, Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төвийг байгуулбал худалдаа, эдийн засгийн эргэлт нэмэгдэх боломжтойг хэллээ. Энэтхэгийн талаас тавьж буй Улаанбаатар-Делийн хооронд шууд нислэгийн шугам нээх саналыг Улаанбаатар хотод Энэтхэгийн худалдааны төв байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэвэл сайн үр дүнд хүрнэ гэдгийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон тэмдэглэв.

Үзсэн: 1361

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна