Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын даргын айлчлал өндөрлөв
Ноён Тадамори Оошимагийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Японы төлөөлөгчдийн танхимын дарга нараас Монголд хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга ноён Тадамори Оошима Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Японы төлөөлөгчдийн танхимын үе үеийн дарга нараас Монголд анх удаа айлчлал хийж байна. Монгол Улсад саяхан Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний баяр наадам болж маш их ажилтай байсан ч халуун дотно хүлээн авч байгаад гүнээ талархаж буйгаа илэрхийлэв. Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Уулзалт бүрт тодорхой асуудлууд хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна. Нэгдүгээрт, Япон Монголын харилцааны хүрээнд эрх чөлөө, Ардчиллыг эрхэмлэдэг. Тиймээс Монгол Улс манай орлуулшгүй түнш юм гэдгийг онцлон хэлэв. Мөн хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг аль аль талдаа баримталж, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг, спортын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж явъя гэлээ.
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Японы Засгийн газар 850 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин чармайлт гаргах, түүнчлэн Хойд Солонгосын чиглэлээр Японы байр суурийг тайлбарлаж, Монгол Улстай Хойд Солонгосын асуудлаар хамтарч ажиллах хүсэлт тавилаа.
Ноён Т.Оошима энэ үеэр Токио-2020 олимпод Монголын тамирчид өндөр амжилт гаргаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн.
Тэрбээр, Монгол талаас нисэх онгоцны буудлын цогцолбор, шинэ төмөр зам барихад дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг дэвшүүлж байна. Энэ асуудлыг би Японд очоод танилцуулна. Хэдийгээр цаг хугацаа давчуу айлчлал боловч Монголын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байв.
Монголд хийсэн айлчлалын үеэрээ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон дагалдан яваа төлөөлөгчид бэсрэг наадам үзэж, монгол өв соёлтой танилцлаа. Ноён Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Ноён Т.Оошима нар сурын харвааг сонирхох үеэрээ сум тавьж цэц мэргээ сорьсноос гадна наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, айргийн морьд, уяачид, унаач хүүхдүүд, харваачдад шагнал гардуулж, баяр хүргэлээ. Түүнчлэн М.Энхболд ноён Т.Оошимад хурдан удмын шарга морь бэлэглэсэн юм. Ноён Т.Оошима морьтой болж байгаадаа ихэд баярлаж, мориндоо “Моори”хэмээх нэр өгөв.
УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Олон улсын нисэх буудлыг барьж байгуулсан гүйцэтгэгч компанийн төслийн менежер Яасүши Кацүражима нисэх буудлын бүтээн байгуулалтын явц, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулгыг энэ үеэр хийсэн юм. Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх онгоцны буудал 2018 оны 8 дугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа юм байна. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмж, цаашид өргөтгөл хийх боломжтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих хурдны зам шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад орох талаар ноён Тадамори Оошимад мэдээлэл өгсөн. Ийнхүү Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсанаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима айлчлалаа өндөрлүүлж, эх орондоо буцлаа.
Үзсэн: 1487
Tweet