Монголыг зорих “үүргэвчтэй аялагчид”-ын тоо өсөж байна
МУ-д аялж байгаа багц аялагчдын дундаж үнэ 3780 ам доллар. Дундаж аяллын хоног нь 15 хоног, хоногийн дундаж зардал 260 ам доллар
Монгол орон, нүүдэлчин соёл иргэншил, айгалийн онгон дагшин төрх, ан амьтан, үндэсний онцлог, түүх, өвөрмөц зан заншлаараа гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Тэр дундаа жуулчдын хамгийн ихээр сонирхдог зүйл нь монгол малчин айлд зочлон, сүү цагаан идээгээ хэрхэн бэлтгэж байгаа, адуу малаа хэрхэн хариулж байгааг харах, мөн 13-р зууны үед дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны төрж, өссөн нутгийг үзэх юм.
Манай улсад ирэх жуулчдын ихэнх хувь нь “mass tourism” буюу тур операторуудаар дамжуулан аялдаг зохион байгуулалттай аялагчид байдаг. Харин сүүлийн жилүүдэд манай орныг зорин ирэх үүргэвчтэй аялагчдын тоо харьцангуй өсчээ. Дэлхийн жишгээр жуулчдын 20 хувь нь “үүргэвчтэй аялагчид”, 20 хувь нь VIP, үлдсэн хувь нь тур операторуудаар дамжуулан аялагчид байдаг байна. Манай улсын хувьд VIP буюу өндөр зэрэглэлийн аялагчид нийт жуулчдын 5-10 хувийг эзэлдэг бол үүргэвчтэй аялагчид 20 орчим хувийг эзэлдэг гэсэн албан бус судалгаа бий.
2016 оны судалгаанаас үзэхэд МУ-д аялж байгаа багц аялагчдын дундаж үнэ 3780 ам доллар. Дундаж аяллын хоног нь 15 хоног, хоногийн дундаж зардал 260 ам доллар гэж гаргасан байна. Бие даан аялагчдын дундаж үнэ 3400 ам доллар. Аяллын дундаж хоног 14, хоногийн дундаж зардал 318 ам долллар гэж гарсан байна. Үүн дотор үүргэвчтэй аялагчдын талаар нарийвчилсан судалгаа алга байна. 2015 онд гаргасан албан бус статистик мэдээнээс харахад үүргэвчтэй аялагчид манай улсад 11-12 хоног өдөрт 190 ам доллар зарцуулан аялж байна гэсэн судалгаа байна. Хамгийн бага мөнгө зарцуулан аялагчид нь үүргэвчтэй аялагчид байдаг. Хамгийн өндөр зардал гаргадаг нь бизнесийн аялагчид байдаг байна. Үүргэвчтэй аялагчдын хувьд ямар нэгэн тодорхой маршрут шаардлагагүй байдаг. Өөрсдөө хямд аяллыг сонгож мөнгөндөө тохируулаад аялалаа зохиогоод явчихдаг гэсэн үг. Орон нутгийн тээврүүдийг сонгоод хямд төсөр дэн буудлуудаар хоноглоод явдаг гэнэ.
Америкийн иргэд ихэвчлэн МУ-д үүргэвчтэй аялал хийдэг. 1-2 хүний бүрэлдэхүүнтэй явах нь элбэг. Харин Азийн жуулчдын хувьд Япон, Солонгос, Хятадын жуулчид ихэвчлэн улс үндэтсний онцлогоосоо хамаараад багц аяллыг сонгох нь түгээмэл байдаг. Тэгэхээр үүргэвчтэй аялагчдын ихэнх нь барууны орны иргэд байдаг.
Манай улс үүргэвчтэй аялагчдын хувьд хамгийн аюулгүй, мөн хамгийн бага зардлаар аялж болдог улсын тоонд ордог. Үүргэвчтэй аялагчдын хувьд ч ямар нэгэн халдлагад өртсөн тохиолдол төдийлөн байдаггүй учраас хамгийн аюулгүй орон гэж тооцогддог юм. Гэхдээ аливаа улс орон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхдээ аль болох багц, үнэтэй аяллыг жуулчдад санал болгодог. Ирж байгаа нийт жуулчдын тодорхой хувийг л үүргэвчтэй аялагчид байхаар ингэж зохицуулахыг зорьдог. Үүргэвчтэй аялагчдын тоо хэтэрхий их болох тусам сөрөг үр дагавар гарах нь ихэсдэг. Тухайлбал тэдгээр аялагчдад хуулийн ямар нэг хариуцлага хүлээлгэх боломжгүй байдаг. Мөн тус салбарын санхүүжилтэд сөргөөр нөлөөлдөг. Учир нь хувиараа аялж байгаа жуулчид тур оператороор дамжсанаас ч бага мөнгө зарцуулж, энэ татвар хэлбэрээр улсын төсөвт орох ёстой байсан бол хувь хүний орлого болон хувирч байна.
Үүргэвчтэй аялагчдад зориулсан аялал, маршрутын талаар гарын авлага, материал төдийлөн байхгүй. Харин нийт жуулчдад зориулсан аялалын маршрут газрын зураг гэж бий. Монгол улсад тогтсон жишиг маршрут гэвэл Монголын төв, говь, Чингис хааны өлгийн нутгаар тойрох, сүрлэг Алтайн уулс буюу баруун хязгаараар тойрох гэсэн үндсэн 5 маршрут байгаа.
10 гаруйхан жилийн өмнө Монгол улсад аялал жуулчлалын тоотой хэдхэн компани үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр энэ тоо хэдэн зууд хүрч, монгол орныг зорих жуулчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байна.
2016 онд манай улсад 404 мянган гадны жуулчин ирсэн нь 2015 онтой харьцуулахад 4 хувийн өсөлт үзүүлжээ. Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар манай улсад ирж байгаа жуулчдын тоо дунджаар 20 орчим хувийн өсөлттэй байна.
Цаашид жуулчдыг татах зорилгоор, аялал жуулчлалын идэвхтэй улирал болох 6-аас 9 дүгээр сарыг хүртэл Архангай аймагт Адуучдын баяр, Эсгийний баяр, Өвөрхангай аймагт Сарлагийн баяр, Увс аймагт Ойрад түмний баяр,Завхан аймагт энэ жил анх удаа Нүүдэлчдийн баяр хэмээх томоохон хэмжээний наадам зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Бүргэдийн баяр, Нүүдэлчдийн өвөл, Мөсний баяр, Тэмээний баяр, Улаанбаатар цасны солонго, Шинийн нэгний нар харах ёслол зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Сонирхуулахад, 2017 оны 1 сард батлагдсан Аялал жуулчлалын чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолд 10 дугаар сараас 5 сарын хооронд Монгол орныг зорин ирж байгаа гадны жуулчдад дотоодын авиа компаниуд 50 хүртэлх хувийн хөнгөлт үзүүлэхээр тусгажээ. МИАТ болон Иргэний нисэхийн газрууд уг тогтоолыг хэрэгжүүлэх судлагаа хийн ажиллаж байгаа юм. Мөн Монгол улсад зорчиж байгаа гадны жуулчны дараагийн улсад зорчих тийз, визийг үндэслэн дамжин өнгөрөх визийг шуурхай олгох шийдвэр гарчээ.
Үзсэн: 2573
Tweet