Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Тонж манлай засуулч Дашдондогийн Цогзол


Densmaa 2017-07-16 02:07

Үндэсний бөхийн тонж манлай засуул МУСГЗ Дашдондогийн Цогзол Ардын төрийн баяр наадамд 1984 оноос хойш зүүн барууны тэргүүн магнайд тасралтгүй 100-гаад удаа цол дууджээ.

       Монгол бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл билээ. Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчын мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх хэний хэн бэ” хэмээн өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ. Монгол бөхчүүд эрт дээр үеэс Гарьд, Бүргэд, Харцага, Шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэн барилдахын өмнө гараа болгож дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхланг харуулахын зэрэгцээ бие халаалт нь болдог байна. Манай эрины VIII зууны үед бөхийн цол, гуншин үүсэж, XIII зууны дунд үеэс одоогийн хэрэглэж начин, заан, арслан зэрэг араатан амьтны нэрээр цолыг өгдөг байснаа 2004 оноос 5 даваанаас эхлэн даваа бүрд дараах цолыг олгож байна. Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь Монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн.

      1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчтэнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ. Монгол үндэсний бөхийн энэ бүх үүх түүхтэй салшгүй холбоотой нэгэн хүндтэй эрхэм хүмүүнийг нэвтрүүлгийнхээ хойморт урилаа. Энэ эрхэм хүн бол Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн үндэсний бөхийн тонж манлай засуулч  Дашдондогийн Цогзол юм.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Бага монгол уулын өвөр, “Ар Жаргалант “голын хөвөө бол  Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Үндэсний бөхийн тонж манлай засуул  Цогзол хэмээх  эрхэм хүмүүний хүй цөглөсөн тоонот нь.  Тэрээр 1947 оны гал гахай жилийн долдугаар сарын 13-ны билгэ дэмбэрэлтэй өдөр хорвоод мэндэлж байж. Магадгүй ардын хувьсгалын 26 жилийн ойн баяр наадам яармагийн дэнжид  болж Дэлгэрхааны “дэгээ” Гончиг, “ходго" Дэндэв, Лүгдэв гээд мундгууд, их аварга Б.Түваэндорж. Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь нарын цолыг дуудан, дэвүүлж шавуулж байсан байх. Тийнхүү Дашдондогийн Цогзол наадмын түрлэгтэй зэрэгцэн төрсөн нь учиртай байж мэдэх. Монгол хүн хүү  төрвөл бөх болно хэмээн билэгшээдэг төдийгүй хүүхэд нь хөлд орохоосоо эхлээд хотын зах, хонины бэлчээрт  үеийнхэнтэйгээ барилдаж ноололдох дуртай.  Улсын тонж манлай засуулч Цогзол ч мөн хүүхэд ахуй насандаа дээлийнхээ сугийг ханзартал үеийнхэнтэйгээ барилдаж ноцолдож өсжээ. Түүгээр үл барам Цогзол хүү  бөх болно гэсэн гэнээн цагаан мөрөөдлийг нь ижий аав ойр дотнынх нь дэмжин өөгшүүлж  урам хайрладаг байжээ.

    Д.Цогзол: Манай бүрд сум чинь сумаараа улсын цолтой бөхчүүдийнхээ тоонд нэлээн дээгүүр ордог.  Нэг даян аваргатай. Нэг заан, найман начинтай. Багын барилдах ноцолдох дуртай. Бөх  болох санаатай. Бөх болно гээд манай нэг Хуяг гээд өвгөн байсан.Малиг бүргэд арслан энэ тэртэй барилдаж явсан. Нэг үе нэг зиндааны бөх. Манайхан начин гуай гэдэг байсан. Бодвол тэр даншгийн начин хүн байсан байх. Манай эцгийн ээжийн төрсөн дүү хүн байсан. Тэр хүн намайг бөх болгоно. Би одоо зодог шуудгаа Цогзолдоо өгнө гэдэг байсан юм. Харамсалтай нь би бөх болоогүй. Гэхдээ бөхтэй амьдарлаа холбосон.

      Ерөөс хүмүүн гэгч итгэл сэтгэлийн амьтан тул гэгээн цагаан бодол, үг, үйлдэлтэй байж гэмээ туулах энэхэн амьдралын замнал нь бахархам бүхнээр дүүрэн  агаад сайхан түүхийн эзэн болох нь гарцаагүй. Өөрийн гэх унган нутаг, тоос хорвоод тосож авсан өлгий, нутаг ус гэдэг  юутай нандин.  Төрж өссөн нутаг ус ижий аав угсаа гарвал гэдэг хүний амьдралын  утга учир зүг чигийн эхлэл билээ.

    Д.Цогзол: Аав маань лам хүн байсан. 2002 онд 84 настайдаа бурхан болсон.  Шанхын хүрээний гурван дугана балгас болчихсон байсан. Хананы сүүдэрт нь айлууд зун гүү малаа барьж унагаа уядаг. Үхрийн баас хонины шавхай болчихсон ийм газар байлаа. Тэгээд ийм сайхан дуганыг аав минь сэргээн болсгохын төлөө зүтгэсэн тэгээд сэргээн босгосон. 1990 –ээд онд  анх хийдийг сэргээхэд том гэр барьж тэнд хурал номоо хурдаг байв.  Яваад очсон баруун хатавчинд нь гэсгүй болчихсон сууж байдаг юм. Сүүлд сонсож асуух нээ таван настайгаасаа хийдэд шавилж  сууж байгаад гучин хэдэн онд лам нарыг хавчиж лам нар нь тараад манай аав цэрэгт явсан. Таван жил цэргийн алба хаасан. Хийдийн лам нарын зарим нь цэрэгт яваад зарим нь хар болж хөдөө мал дээр гарсан байна. Тэгээд 1990 онд бурхан тахилаа сэргээхэд хуучны хэдэн настай лам нар хуучны модон байшинд байдаг байлаа.  Тэдэнд Зун ,намар болохоор нутгийн айлууд ээлжээр айраг зөөж авч ирж өгдөг. Тэгж байхдаа нууцаар ном хурдаг байсан юм шиг байгаа юм.  Тэгээд сүм сэргээхэд нуудаг байсан бурхан дахилаа гаргаж ирэн. Өндөр гэгээн Занабазарын таван настай байхдаа өмсөж байсан булган дээл нь хүртэл гарч ирсэн байдаг. Лам хүний хүүхэд арван хэдүүлээ их хатуужилтай өссөн.  Ижий аав нь нутаг усандаа нэртэй хүндтэй ажил төрөл сайтай улс тул хүүхдээ  бага балчраас нь хатуужилтай мал маллах арга ухаан ажил төрөлд сургасан. Тэсвэр тэвчээртэй, хүнлэг сэтгэлтэй болгож өсгөсөн.

    Д.Цогзол эр бие өсөж цэргийн албанд очоод байхаасаа хөнгөн атлетикийн төрлүүдээр тэмцээнд ордог бас штанг өргөдөг, труникт бол гарамгай байж. Ц. Бухаа захирагчтай 120 дугаар ангид байхад нь Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн нутгийн хоёр бөх тэр ангид нь алба хаадаг байж. Цогзол тэднийг дагаж барилдаагүй ч хараад баймаар, заал руу дагаад очмоор санагддаг байж. Цэргээс халагдаад Улаанбаатар хотын түргэн тусламжийн баазад жолоочоор ажиллаж байхдаа нэг удаа аварга Ж.Мөнхбат, улсын начин Г.Цэрэнчимэд нартай санамсаргүй хэн уулзаж яриа өрнүүлснээс эхлээд л бөх рүү татагдах болжээ. Тухай үед машин техник ховор. Цэрэнчимэд начин Цогзол найзаараа машин барихыг заалгаж жолооны  багшаа болгож  Мөнхбат аваргатай  наадмын бэлтгэлд гардаг байж.  Тэд Төв аймгийн 60, 70, 80 жилийн ойн наадмын бэлтгэлд  удаа дараа гарч байсан төдийгүй Цогзол засуулч бөх их сонирхоно. Бөхийн  засуул болох юмсан гэсэн нууцхан  бодол тээсээр л.  Удаа ч үгүй түүний энэ мөрөөдөл биелж Пүрэвсүрэн, Лүгдэн зэрэг бөхийн засуулчдыг дагаж  дээл хувцастай болж аваад л бөх засах  гараагаа эхлүүлсэн хэмээн хуучиллаа.

          Д.Цогзол: Мөнхбат аварга зэрэг хүмүүстэй явж байгаад машин дотор нь  Пүрэвсүрэн гуайг дуурайн цол дууддаг байсан. 1984 онд хамгийн эхэлж цол дуудсан. Баруун талын дунд хэсэгт манай Лүгдэн багш намайг дуудаад  алив Цогзол оо чи нэг бөх зас цол дууд гэнэ. Ган хоолой Мягмар зүүний магнайд цол дууддаг байлаа. Мягмар морь руу явчихсан юм уу байдаггүй. Хэний цолыг дуудах юм гэсэн. Дамдин аваргын цолыг дууд гэнэ. Өө больё. Очиж очиж Дамдин аваргын цолыг би яаж дууддаг юм   гээд буцаад явах гэсэн за би Цогзолоо дөчин хэдэн жил цол дуудахдаа хоёрхон удаа зүүний магнайд цол дуудаж үзсэн шүү.  Чи ноднин Чойжилсүрэн арслангийн цолыг дуудсан би чамайг анзаарсан. Чи чадна. Чамд ийм боломж дахиж олдохгүй шүү гээд бөх хувцасладаг өрөөнд дагуулж ороод тэнд надаар цол дуудуулсан. За багш нь тохио өгнө чи тэгэхлээр цол дуудаарай гээд. Тэгээд дээл хувцасаа солиод  зүүний магнайд гарлаа. Одоо яаж балардаг юм болоо гэж бодоод л яана даа гэхээс хамаг биений хөлс гарсан. Цол дуудсан Дамдин гуай ч гараад ирлээ. Лүгдэн багш ч тохиож байна. Тэгээд л дунд нь алдаж даслалгүй шүү дуудаад л дууссан. Хормой чичрээд л хоёр гарын алга шал нойтон болчихсон байсан. Тэгэж би анх удаа цол дуудсан. Түүнээс хойш Дамдин аваргын цолыг зүүний магнайд 3,5-ын даваанд арван жил дуудахдаа арван сайхан залуучуудад начин гэдэг сайхан цолыг Дамдин гуай маань хайрлаж би зүүний магнайд 10 жил болсон.  

       1994 онд Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын уралдаан болж олноо Ган хоолой хэмээн алдаршсан Мягмар түрүүлж, Цогзол засуулч удаалсан байна. Тэр үеэс хойш засуулчид эрэмбэлэгдэж түрүүлсэн нь зүүн талын тэргүүн магнайд гарч бөхийн цол дууддаг болжээ. Д.Цогзол засуулч 1995 оноос хойш барууны магнайд засуул хийж байна. Тэрээр бөхийн засуул хийснээсээ хойш дээрээс цоллож гарсан бөхчүүдээс 14 нь түрүүлж 13 нь үзүүрлэсэн байна. Анхны түрүү  нь  Зууны манлай, дархан аварга Хорлоогийн Баянмөнх удаах нь Цэрэнтогтох аварга байжээ. Тэгээд дараа нь Бат-Эрдэнэ залгуулж үндэсний их баяр наадамд цолыг нь дуудсан байна. Тэрээр  1990-ээд онд  Баруун талын тэргүүн магнайд гарахдаа дархан аварга Жигждийн Мөнхбатын  цолыг ганцхан удаа 5-ын даваанд дуудсан байна. 

       Бөхийн тааврыг таана гэдэг хэцүү. Тэгвэл 2002 оны наадмын шөвгийн дөрвөн бөхийг Цогзол  засууля яг тааж хэлснийг “Бөх” сонины дугаараас олж үзэж болно. Дараа жилийнхийг ч мөн л ханатай хэлсэн бий. Энэ нь бөх мэддэг хүний л авьяас биз ээ.

        Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, үндэсний бөхийн тонж манлай засуул Дашдондогийн Цогзол 43 жил бөхийн засуул хийж байна. Ардын төрийн баяр наадамд 1984 оноос хойш зүүн барууны тэргүүн магнайд тасралтгүй 100-гаад удаа цол дууджээ. Нэг наадамд гурван удаа цол дуудаг. Говь-Алтай аймгийн Лүгдэн, Булган аймгийн Бугат сумын Пүрэвсүрэн зэрэг хүмүүсээс бөх цоллох арга ухааныг заалгасан. Пүрэвсүрэн багшийгаа Радио телевизээр бөхийн цол дуудаж байгааг их дуурайж, түүний арга барилаар бөх цоллох болжээ. Бөхийн цол дуудна гэдэг засуулчаас асар их хариуцлага мэдрэмж, арга барил шаарддаг гэдгийг тэрээр онцоллоо. Засуулч хүн бөхийн дэвээ хөдөлгөөнд намба донжийг нь тааруулж  цоллох учиртай. Бөхийн засуул байна гэдэг авч гарсан өөрийн мөрөн дээрээс гарч барилдаж байгаа бөхөө халамжилж хайрлаж аль болох давуулахыг төлөө байдаг.

   Д.Цогзол: Улсын баяр наадамд бөхийн цол дуудна гэдэг асар их хариуцлагатай. Улсын баяр наадамд нэг өдөр гурван удаа цол дуудана. Ухана ишигний зовлонг хүн мэдэхгүй гэдэг шиг бөхийн цол дуудна гэдэг амаргүй. Монгол орны тусгаар тогтнол монгол бөхийн сайхан уламжлал ёсыг ямар нэгэн байдлаар алдаж болохгүй маш хариуцлагатай байх учиртай.  Нартай бороотой янз бүрийн өдөр таарна амаргүй.Баяр наадмын бэлтгэлийг бөхчүүдээсээ дутахгүй базааж бие сэтгэлээ ариусгана.   Нэг хэсэг ингэдэг наадмаар хэн түрүүлэх бол гэсэн бодол төрнө.   Миний цоллосон бөх түрүүлнэ гэж боддог. Яагаад гэхлээр бие сэтгэлээ их ариусгана.Тэгээд тэр чанараар би чинь наадмын өглөө яагаа ч үгүй эрт босчихно. Буянт ухаад наадам хийдэг байхад уяачдын наадмаар орчхоод дараа  нь наадмын талбайд очдог байсан. Өглөө гарахдаа сайхан арц уугиулж, ариулчхаад тэгээд гардаг. Одооны хэлдэг хар цагаан энерги гэж ярьдаг ш дээ. миний  орчин, ариун цагаан байсан учраас  миний зассан бөх түрүүлнэ гэж итгэлтэй хэлдэг байлаа. 1984 оноос хойш зүүн баруун засуулд байхад арван гурав дөрвөн удаа   цолтон төрүүллээ.  Бас мөн тэр хэмжээний аварга арслангууд төрсөн. Сүүлийн хэдэн жил над дээр Бүрэнтөгс арслан түрүүлж байлаа. Увсын бөхчүүд байна.  Балжинням, Ганбат түрүүлж байлаа. Увсын бөхчүүд чинь зохион байгуулалт их сайтай. Олон сайхан ивээн тэтгэгчид байхаас гадна хоорондоо бас их эвсэг. Бэлтгэлээ их чамбай хийдэг. Багш дасгалжуулагчид нь сэтгэлээсээ ажилладаг учраас сүүлийн хэдэн жил Увсаас их олон цолтон төрлөө. 

          Оюуны чадамж, нийгэмд эзлэх байр суурь нь өөрчлөгдсөн учир зарим бөхийн санааг ойлгоход төвөгтэй тал бий. Залуу бөхчүүд дэндүү нялхамсуу зан гаргадаг. Зарим нь бөхийн ёс жудгийг сахих талаар алддаг тал бий гэдгийг шуудхан хэлж энэ бүхэнд сэтгэл зовниж явдгаа нуугаагүй ээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, үндэсний бөхийн тонж манлай засуул Д.Цогзол гэж ийм л үйлс нь тэгш,үнэн үгтэй нэгэн ажээ. Хүмүүн бид эх дэлхийн бодгаль тэнгэр эрхшээлт хийморьтой зөн билэг гэгээрэл сэрхүйн давтагдашгүй тусгал билээ. Монгол эр хүний чигч шулуун хоёргүй сайхан зан чанар босоо цагаан хийморь лундааг үргэлж  дээшээ өргөж яваа хүмүүс бол яах араггүй бөхийн засуулчид  ажээ.

 

Үзсэн: 2802

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна