Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Орос-Хятад гурван улсын худалдаа эдийн засгийн 13 дахь форум


Densmaa 2017-07-04 01:07

Форумын үеэр БНХАУ-тай 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол ОХУ манай улсын эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг байгууллаа.

      Одоогоос 13 жилийн өмнө Монгол улс санаачлан гурван улсын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд танхимуудын үүрэг ямар төвшинд байх вэ гэж ярилцаж байлаа. Үүнээс хойш жил бүр хүрээгээ тэлж, энэ жил Монгол-Орос-Хятад гурван улсын худалдаа эдийн засгийн 13 дахь форумыг зохион байгууллаа. Уулзалтаар гурван орны төрийн тэргүүлэгчдийн тохиролцсон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй  гэдгийг харуулсан. Тэр дундаа төр болон хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, төрөөс гарч байгаа шийдвэр бизнесийнхэнд ээлтэй байх тэр боломжийг бүрдүүлэх, санал санаачлага, тулгамдсан асуудлыг нь төрийн төвшинд хүргэх зэргээр гүүр болж ажиллахад Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын үүрэг оролцоо чухал байдаг. 

      Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт гурван улсын бүс нутгийн худалдаа аж, үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн 200 гаруй төлөөлөл оролцон, бүс нутгийн онцлог, нөөц боломжтой танилцан, гурван улсын хил худалдаа, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжуудыг хэлэлцэв.

Гурван улсын Танхимуудын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрлээ. Тухайлбал, ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц бусад дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөлд, Красноярск хязгаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, мөн гурван улсын хамтын ажиллааг 2020 онд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

МУ худалдаа эдийн засгийн чуулга уулзалтаар манай улсад хөрөнгө оруулахад ямар таатай нөхцөл байгаа талаарх мэдээллийг гадны хөрөнгө оруулагчдад хүргэсэн. Монгол Улсад итгэх итгэлийг бататгах, хөрөнгө оруулалтын боломжийг харуулах үүднээс хоёр салбар хуралдааныг зохион байгуулсан юм. Тухайлбал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон ногоон бизнесийн чиглэлээр санал бодлоо солилцсон, ганцаарчилсан уулзалт болсон. Мөн хүнд үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, банк санхүү, барилгын салбарынханд зориулсан хурал боллоо. Үүгээр бизнес эрхлэгчид мэдээллээ солилцон цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн. Жишээлбэл, урд хөрш 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол хойд хөрш манай улсын эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг  байгуулж тус форумын үеэр хамтын ажиллагааны 24 санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

     Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархал илэрхийлж, МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзсан. Хоёр хөрштэйгээ сайн нөхрийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх хамгийн чухал баримт бичиг нь “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр гээд хөтөлбөрийн хүрээнд гурван улс хамтран ажиллаж байгаа давуу талаа ашиглан бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэсэн юм.

      Бид энэ удаагийн уулзалтад Европын холбооны улсаас олгосон хөнгөлөлттэй нөхцөл, Япон улстай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглах талаар сонирхолтой мэдээллүүдийг өгсөн байна. Энэ тухай мэдээллийг маш их сонирхож байгаагаа талууд илэрхийлсэн. Учир нь Европын холбооноос хөнгөлөлт үзүүлэх 7200 нэр төрлийн барааны жагсаалтаас харвал манайд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн бий. Тиймээс хоёр хөршийн хувьд тэрхүү барааг үйлдвэрлэдэг технологи, техник тоног төхөөрөмжтэй компанид давуу тал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайд хөрөнгө оруулалт хийснээр дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болно. Ингэснээр дэлхийн зах зээлд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхэд хөшүүрэг болох юм.

      Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна. Тухайлбал ОХУ-тай хийсэн худалдаа 335 сая ам.доллар, БНХАУ-тай хийсэн худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад ОХУ-тай хийсэн худалдаа 46, БНХАУ-тай хийсэн худалдаа 51 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин “МУ-ын эдийн засагт өсөлт гарч байна. Бид цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой” гэж тус форумыг дүгнэж хэллээ. Хөрш гурван улсын эдийн засаг өсөлттэй байгааг форумд оролцогсод тэмдэглэж байв. ОУВалютын Сан ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг 1,4 хувь, БНХАУ-ын эдийн засаг 6 хувь, 2017 онд Монголын эдийн засаг 1,9 хувь, 2018 онд 8 хувьд хүрнэ гэсэн судалгааг гаргасан байна. Бид ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катыринтай уулзсан юм.

       Катырин: “Ямар ч зам бол эхний алхмаас эхэлдэг” гэж хятадын зүйр үгэнд бий. Бид энэ удаад 13 дахь алхмаа хийлээ. Манай уулзалт амжилттай болсныг хэлэхэд таатай байна. 13 дугаар чуулганаар гурван улсын 350 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран ажиллах боломж, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх гарц зэргээ ярилцлаа. Эдгээрийг гурван улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн, бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, ХАА-н чиглэлээр хамтран ажиллах болон хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байгааг дурдан Монгол Улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүнийг импортлох боломжтойг илэрхийллээ. Энэ тухай БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу ярилаа. 

    Чэн Жоу: БНХАУ-д саяхан байгуулагдсан “Хятад-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-т 150 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ нийгэмлэгтэй холбоо тогтоож, хамтран ажиллах таатай боломж бүрдсэн. Цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд анхаарахыг хүсэж байна.

    Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдсэн. Тиймээс Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс энэ жилийг “Худалдааг хөнгөвчлөх жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд дэлхийн худалдааны байгууллагын стандартад нийцсэн бизнесийн орчин бүрдүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байгаа юм. Ийнхүү энэ удаагийн чуулга уулзалт үүрэг зорилгоо бүрэн хангасан, бодит үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Н.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу нар санал нэгтэй дүгнэлээ.

 

Үзсэн: 2086

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна