Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Чингисийн далан"


Densmaa 2017-06-16 05:06

15 жилийн өмнөөс эхэлсэн Монгол-ОХУ-ын хамтарсан судалгааны анги Монгол орны археологийн судалгааны ажилд жинтэй хувь нэмрээ оруулж байна.

      1990 оноос хойш Монголын бүс нутагт олон улсын археологийн судалгааны ангиуд ажиллах болсон. Үүний эхлэл нь Монгол-Японы хамтарсан “Гурван гол” экспедиц байв. 15 жилийн өмнөөс эхэлсэн Монгол-ОХУ-ын хамтарсан судалгааны анги Монгол орны археологийн судалгааны ажилд жинтэй хувь нэмрээ оруулж байна. Тус багийнхан Булган аймгийн Дашинчилэн сумын Чинтолгой, Бүрэгхангай сумын Эмгэнтийн хэрэм, Төв аймгийн Заамар сумын Хэрмэн дэнж, Заамарын Шороон бумбагар, Мөнгөнморьт сумын Тэрэлжийн дөрвөлжин, Чингисийн далан зэрэг газруудад ажиллаж, урьд нь илэрч олдож байгаагүй шинэ содон олдворыг илрүүлэн, археологийн түүхийн судалгааг баяжуулсаар байна.

Монголын Төв, Дорнодын тал нутгаар явж байхад байгалийн өвөрмөц тогтоц бүхий далан шуудуутай тааралдана. Үүнийг нутгийн ард түмэн “Чингисийн далан” хэмээн нэрийддэг. Монгол-Оросын археологийн судлаачид Чингисийн далангийн тухай судалгааг хийсэн байна. 

   Чингисийн далан нь гурван улсын нутаг дамнан оршдог. Энэхүү түүх, археологийн сонирхолтой дурсгалыг Монгол-Оросын археологчид 2012-2013 онуудад хамтран судалсан байна. Чингисийн далан нь Монгол Улсын нутаг Хэнтийн уулсын Сайхан Хулжийн хөндий орчмоос эхэлж, ОХУ-ын нутаг дэвсгэрт хүрч, Өвөр байгалийн нутаг,  Аргун мөрний баруун эрэг, цаашлаад БНХАУ-ын нутгаар 60 км орчим үргэлжлээд Гэнхьхэ голын зүүн цутгал, Шанкули хотод хүрч төгсдөг.

Хамтарсан төслийн багийнхан эл шороон далангийн Монгол улс болон ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрт буй бүхий л талбайд хийсэн хайгуулаар нийт 49 жижиг суурингийн мэдээ баримтыг цуглуулсан байна. Эдгээр 49 суурингийн 34 нь Монгол улсын нутагт, 9 нь ОХУ, 6 нь БНХАУ-ын нутагт байрлах бөгөөд тэдгээр нь хийц хэлбэрээрээ хэд хэдэн янз. Илэрч мэдэгдсэн бүх суурин нь томоохон гол мөрний хөндий, өөрөөр хэлбэл, хүн урт удаан хугацаанд оршин суухад тааламжтай газарт байрлаж байна. Энэ нь хамгийн түрүүнд ундны усны найдвартай эх үүсвэрийн дэргэд байсан нь судлаачдын анхаарлыг татдаг.

Монголчууд Чингисийн далангийн тухай нэгэн сонирхолтой домгийг өгүүлдэг. Энэ тухай домгийг сийрүүлбэл, “Чингис хаан нэгэн удаа их цэргээ хөдөлгөн алс холыг зорих болоход түүний бэр нь хамт явахаар болжээ. Тухайн үеийн уламжлал ёсоор бэр нь хадам эцэгтээ ил харагдах ёсгүй аж. Иймээс Чингис хаан ёсыг дагаж олон мянган хүний хүчээр асар их шороон хэрэм бариулж, түүний нэг талаар нь Чингис хаан, нөгөө талаар нь бэр нь явсан” хэмээдэг.

Ийн домогт гардаг түүхэн дурсгал бол Монголын зүүн хойд хэсгээс эхлэн Дорнод Монголоор дайрч Аргун мөрөн хүрдэг Чингисийн далан юм.  Монгол-Оросын археологчид судалгаа явуулснаар далангийн нийт урт 731,8 км болохыг тогтоож, далан гол төлөв тал хээр хөндийгөөр үргэлжлэх, уулын бартаа саадыг тойруулан гайхалтайгаар зохицуулан барьсан нь мэдэгдэв.

     Оросын археологчид Монгол орны нутагт 15 жилийн турш судалгаа хийхдээ Чингисийн даланг судлан ямар зориулалттай болохыг олж тогтоосон байна. Энэ тухай ОХУ-ын ШУА-ын Алс дорнодын салбар, Алс дорнодын ард түмний түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн археологч Адександр Ивлиев ярихдаа, “Тус байгууламж нь Чингис хааны үетэй холбоогүй, харин 9-11-р зууны үед оршин тогтнож байсан Кидан улсын түүхтэй холбогдож болохыг тогтоосон. Киданчууд даланг хөрш зэргэлдээх  улс аймгуудаас хаммгаалат болгон барьж байсан байна. Энэ далан нь 1000 гаран жилийн түүхтэй” гэсэн юм.

Эрхэм археологч Александр Ивлиев Монголд судалгаа хийхээс өмнө 1974 оноос эхлэн Кидан улсын археологийн түүхийг судалж эхэлсэн байна. Ингээд 30 гаран жилийн дараа Кидан улсын археологийн олдворуудтай газар дээр нь танилцаж, судлагаа шинжилгээний багт орон ажиллаж байгаадаа баяртай байгаагаа ярианыхаа эхэнд дурьдсан юм. Судалгааны ажлын явцад олон сонирхолтой олдвортой танилцаж, Монгол орны баялаг түүхтэй танилцсан минь миний амьдрал дахь маш чухал үйл явдал гэж ярьсан юм. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

    Археологч Александр Ивлиев: Хайгуул судалгааны ажлын явцад бид Монгол улсын нутаг дэвсгэрт үргэлжлэх Чингисийн далангийн хэсэгт холбогдох он цаг, бүтэц, зохион байгуулалтыг тодруулах зорилгоор сорилын малтлага явуулсан. Малтлагыг Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт хийсэн. Зүсэлтийн үр дүнгээс харвал даланг энгийн шороо овоолон дэлдэх зарчмаар үйлдсэн нь мэдэгдэнэ. Далангийн өргөн ойролцоогоор 10-12 метр бөгөөд хойт талдаа 2,0-2,2 м гүн сувагтай, сувгийн өргөн ойролцоогоор дээд хэсгээрээ 2,0 метр, доош нарийссан шувтан хэлбэртэй. Ингэхдээ далангийн хойт талд шуудуу ухан, шуудууны шороог урагш нь хаяж, түүнийгээ дэлдэн хатууруулж хийсэн байна. Далангийн дээд талд ойролцоогоор 5 метр орчим өргөн тавцантай байсан мэт бөгөөд дээгүүр нь морьтон, эсхүл харуулын цэрэг явдаг байсан байж болох. Нутгийн иргэдийн аман домгоор далангийн өргөн эрт цагт хоёр сүйх тэрэг зөрөхүйц байсан гэдэг.

     Хайгуул судалгааны явцад илэрч мэдэгдсэн цувраа суурингууд нь хилийн хамгаалалтын бүс, хилийн цэргийн суурингийн үүргийг гүйцэтгэж, тухайн улсын хил хязгаарыг хянах зориулалттай байв. Ийнхүү далангийн үүрэг зориулалт нь Өвөр байгалийн нутагт байсан эртний нүүдэлчин, анчин ард иргэдийг хянах зорилготой байсан гэж археологчид үзэж байна. Энэ бүхэнд үндэслэн хамтарсан төслийн судлаачид Кидан улсын зүүн хойт хилийг Чингисийн далангаар баримжаалан сэргээн тогтоож болно гэжээ.

Азийн нүүдэлчдийн нэлээд хэсгийг нэгтгэн захирч байсан Кидан улс нь оршин тогтнох хугацаандаа соёлын арвин өвийг үлдээсэн. Тэдгээрийн нэг нь Кидан улсын үед холбогдох гурван улсын нутгийг дамнан орших Чингисийн далан юм.

 

Үзсэн: 4693

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • Энэ ууг нь 20 - 30 мянган жилийн тэртээх Эскер хэмээх местлегийн уеин байгалаасаа бий болсон зуйл баймаар юм, кидан чууд ашигласан байж болно, АНУ д ч ашиглаж бна шд, замын бэлэн далан болгож.