Цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна
Ногоон хэрэм төслийнхөн “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг зохион байгууллаа.
Тогтвортой хөгжлийн тулгуур болох газрын нөөцийг баталгаажуулахад шинжлэх ухааны хамтын ажиллагааг Монгол-Солонгосын эрдэмтэд эхлүүллээ. Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр жил бүрийн 6 дугаар сарын 17-нд тохиодог. НҮБ-аас энэ жилийг “Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү өдрийг угтаад БОАЖЯ болон холбогдох байгууллага, БНСУ-ын Ойн хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Ногоон хэрэм төслийнхөн “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг зохион байгууллаа. Ногоон хэрэм төслөөс олж авсан мэдлэг, сургамжийг хэлэлцэж цаашид тогтвортой хөгжлийг хангахад газрын менежменттэй уялдсан асуудлыг хэрхэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх тал дээр БНСУ-ын туршлага хуваалцах зорилготой юм. Өнөөдрийн байдлаар Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа гэж тооцогдож байна. Цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулахад зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэрхүү ойн талбайгаас тогтвортой орлого бүрдүүлэхийг чухалчилж байгаа билээ. Гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулан ойлгуулах нь 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх бодлогын чухал асуудал болж байна.
Үзсэн: 1671
Tweet