Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүллээ
Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн уулын тахилгат овоонд ёслолд оролцжээ. “Бүх цэргийн их хар сүлд гэдэг бол туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл бидний сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж байдаг. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг, харин цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм. Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдлээ. Эл уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг. Баянзүрх хайрханы ард Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Чингисийн отгон хөвүүн Тулуйн төрсөн газар бий. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.
Үзсэн: 2416
Tweet