Гадаад харилцааны сайд АНУ-д албан ёсны айлчлал хийж байна
Сайд Ц.Мөнх-Оргил НУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай уулзаж, Монгол Улс нь Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсныг нотлов.
АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай Цагаан ордонд уулзалт хийлээ. Энэ үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш АНУ-тай иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн Хоёр орны энхийг сахиулагчид бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, Монгол Улс нь Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсныг нотоллоо.
Ноён Х.Макмастер Афганистан Улс болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Монгол Улс, АНУ-ын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлж, улс төр, батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал түлхэц болохыг тэмдэглэсэн байна.
Мөн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Жонатан Нэштай уулзаж, Монгол Улсын Засгийн газар, МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээний явцын талаар санал солилцжээ.
Үзсэн: 1457
Tweet