51 орны 3500 гаруй манлайлагч залуус Улаанбаатарт хүрэлцэн ирлээ
JCI ASPAC буюу “Жэй Си Ай” олон улсын байгууллагын Ази номхон далайн орнуудын чуулга уулзалт энэ сарын 8-аас 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
JCI ASPAC буюу “Жэй Си Ай” олон улсын байгууллагын Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтанд оролцохоор 51 орны 3500 гаруй манлайлагч залуус Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Чуулган энэ сарын 8-аас 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Бүсийн хамгийн том чуулган учраас “JCI”-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөх, сенетарууд цуглах бөгөөд 84 үйл ажиллагаа зохион байгуулах юм. Уг чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулснаар Монголын залуучуудын байр суурийг олон улсад бэхжүүлэх, Монголын залуус дэлхийн манлайлагч залуустай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах, аялал жуулчлалыг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж ерөнхий зохион байгуулагч “JCI Монгол” байгууллагын зүгээс онцолж байлаа.
Чуулганы үеэр хүний хөгжлийн сургалт явуулах бөгөөд өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, бизнес боломжийг хайх, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтрах зэрэг 27 төрлийн сэдвээр залууст сургалт явуулж сертификат олгоно. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх боломж болон бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн “Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалт болох юм. Эдгээр арга хэмжээний зэрэгцээ 1800 гаруй төлөөлөгчид оролсон Ерөнхий ассамблейн хуралдаанаар “JCI” байгууллагын 2022 он хүртэл хийх ажлын төлөвлөгөөг гаргах юм байна. Чуулга уулзалтын хүрээнд олон орны залуучуудад зориулсан уралдаан тэмцээн, бизнес үзэсгэлэн, орон орны онцлогийг харуулсан үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“JCI Монгол” байгууллага нь 1992 онд байгуулагдсан, гишүүддээ манлайлал, бизнесийн зэрэг сургалтыг зохион байгуулж, гадаад дотоод харилцааг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх орчныг бий болгож, төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нэр хүндтэй байгууллага юм.
Үзсэн: 1137
Tweet