Говийн гайхамшигт зургаа - Хулан
Хулан бол эко системд асар их нөлөөтэй. Хулан байгаа газар ус бий гэж ярьдаг.
Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч болох хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн зэргийг хамгаалах үйлсэд бид нэгдэж “Говийн гайхамшигт-6” цуврал хүргэж байна. Энэ удаад “Говийн гайхамшигт 6”-гийн нэгээр нэрлэгдэж байгаа “Хулан”-г онцоллоо.
Дэлхий дээр адууны овгийн 8-н зүйлийн амьтан байдгаас хоёр төрлийн хулан бий гэж үздэг. “Хулан” гэдэг нь түрэг гаралтай үг. Персээр Онагра, Хятадаар Кианг, Латинаар Экуз гэж нэрлэдэг. Хулан хэд насалдаг талаар баттай тогтоосон судалгаа байхгүй. Гэвч зарим судлаач дунджаар 25 нас хүрдэг талаар дурджээ. Том толгойтой, урт чихтэй, шодон сүүлтэй. Унгалдахгүй харин илжиг шиг дуугардаг. Хулан ихэвчлэн сүргээрээ амьдардаг. Сүргийг азарга нь захирч бусдыгаа чихний аясаар залдаг. Хулангийн азарга өөрийн эм төлөө гурван нас харин эр төлөө хоёр нас хүрмэгц сүргээсээ хасч хөөдөг. Эмийг нь бусад сүргийн азарга хурааж авна. Харин эр нь хөөгдөж явсаар хязаалан насандаа ганц хоёр гүү олж өөрийн сүргийг бий болгодог байна. Гүү нь зуны дэлгэр цагт унагалж байхад бусад нь тойроод зогсчихдог. Энэ нь элдэв дайснаас хамгаалахаас гадна бас нөхөрлөж байгаа хэрэг юм. Хулангийн унага босоо төрдөг гэж ярьдаг төдийгүй төрөөд нэг цаг болсон унага эхийгээ дагаж явах чадвартай. Зарим гүү говийн гүн рүү сүргээсээ тасарч зугтааж унагалдаг. Энэ нь шилэрч байгаа хэрэг бус харин унага нь өөр азарганы үр төл учраас тэр гэнэ. Хартай азарга өөрийн унага мөн бишийг андахгүй. Өөр азарганы үр төл байвал босож тэнцээгүй байхад нь дэвсч орхидог байна. Чоно болон элдэв төрлийн араатан амьтан унагыг нь барих гэж дайрвал тойрч зогсон дундаа оруулж, тал талаас нь тангарсаар байгаад муужруулж орхидог төдийгүй үүнийг хулангийн тойроо гэж нэрлэдэг гэнэ.
Монголд байгаа хулангийн тоо толгой 1986 онд 25 мянга орчим байсан бол 2006 онд 18 мянга болж буурчээ. Хулан нь дэлхийд төдийгүй Монголд нэн ховор амьтан юм. Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцид хуланг агнахыг хуулиар хориглосон байдаг.
Дэлхий дээр Арабын хойгийн орнууд, Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Төвд, Турк зэрэг 12 оронд тархсан байдаг. Манай улсад 2009 онд хийсэн тархац нөөцийн үнэлгээгээр 20 орчим мянган хулан байсан гэж ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн эрхлэгч Б.Лхагвасүрэн хэллээ.
Б.Лхагвасүрэн: Монгол орны хулангийн тархац болон тоо толгой бол дэлхийн хулангийн хамгийн том бөгөөд хамгийн олон тоо толгойтой цөм нь болдог. Дэлхийн 12 оронд байдаг ч гэлээ тархац нутаг нь хумигдмал, тоо толгой цөөн. Монгол орнд хулан асар их ач холбогдолтой амьтан. Бид хулангийн тархац нөөцийн үнэлгээг хамгийн сүүлд 2009 онд хийсэн. Одоо бага зэрэг тоо толгой нь нэмэгдэж байгаа гэх аман яриа бий. Монгол оронд бол хулан асар ач холбогдолтой амьтан. Дээр үеэс говийн эко системд байсан. Гэхдээ тал хээрт түүхэн хугацаанд амьдарч байсан нь нотлогддог. Дорнод аймгаас хулангийн яс олдож байсан. Энэ нь дээр үед тухайн газарт амьдарч байсан гэдэг нь батлагдсан.
20-р зууны дунд үе хүртэл манай орны Зүүн гарын, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн урд талын цөлөрхөг хээр, зүүн тийш Буйр нуур хүртэлх нутагт хулан тархаж байсан талаар Улаан номд дурдсан байдаг.
Монголд хулан хуурай голын сайрт 60 см орчим татаал ухаж ус гарган ундалдаг. Ихэвчлэн зун задгай уснаас хамааралтай учраас усны эх булгаас 10-15 км зайд, харин өвөл цас тогтсон үед үүнээс тав дахин алс бэлчинэ, өвөлдөө цасаар ч ундаалдаг байна.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн эрхлэгч Б. Лхагвасүрэн: Хулан говь цөлийн голдуу бутлаг ургамалаар хооллож амьдардаг. Хулан бол эко системд асар их нөлөөтэй. Хулан байгаа газар ус бий гэж ярьдаг. Хулангийн цавчаа гэж нэрлэх нь бий. Ус их ойрхон байгаа газрыг мэдэрч ус гаргадаг. Тэр цавчаан дээр бол тухайн орчимд байгаа гэрийн болон зэрлэг амьтад унадаалдаг. Дээр үеэс Монголын ард түмэн хуланг хайрлаж хамгаалж ирсэн. Үүний нэгэн жишээ бол 1953 онд төрөөс тогтоол гаргаж, хуланг дархалж, дархан цаазтай амьтан гэж үзэж хамгаалсан. Тусгай хамгаалалттай газар нутгийг хуланд зориулж байгуулсан. Тухайлбал говийн их дархан газрын А болон Б хэсэг гэж байна. Говийн их дархан газрын Б хэсэгт маш том хулангийн эрүүл сүрэг бий. Монгол оронд байгаа хулангийн хамгийн том сүрэг бол Дорноговь аймгийн эргэлийн зоо орчимд байдаг.
Өнөөдрийн байдлаар хулангийн сүргүүд тусгай хамгаалттай говийн их бага дархан цаазат газрын “А” болон “Б” хэсэгт тархан нутагшиж байна. Хулан хүний шууд болон дам үйл ажиллагаанаас хамаарч тархац нутаг нь багасаж, тоо толгой нь буурсаар байгаа билээ.
2002 оноос Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт нутагшиж байгаа 7 хуланд ARGOS сансрын радио хүзүүвч зүүсэн байна. Өвлийг хаана өнгөрүүлдэг, усан цэгүүдийг хэрхэн хэрэглэдэг болон өөр өөр хулангийн сүргүүд хоорондоо солигддог эсэх талаар олж мэдэх зорилгоор судалгаа хийжээ. Хүзүүвч зүүсэн хулан 6000км2 доторхи бүх усан цэгүүд дээр очсон байна. Хулан нь зун, намрын улиралд Их Говийн “Б” хэсгийн зүүн хэсэгт харин өвлийн турш баруун доворхог газрыг сонгон нутагладаг болохыг судалгаагаар илрүүлжээ. 2007 онд 14 хуланд радио дамжуулагчийг нэмж байрлуулсан. Харин 2009-2010 оны өвлөөр хүзүүвчүүд гээгдсэн байна. Үүний дараагаар дүгнэж үзэхэд хулан нь өвлийн хүйтэн үед хятадын хил рүү шилжин нүүдэллэж, дулааны улиралд Монголын нутагт бэлчээрлэдэг болохыг тогтоожээ.
Үзсэн: 6955
Tweet
Oyungerel
10 Nov 2020 08:44:28
Good