“Хүүхдээ сонсох өдөр”-тэй боллоо
Хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоолыг баталлаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн өмнө Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн энэ оны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хүүхдийн амралт, чөлөөт цагийн асуудлаар хэлэлцэж тодорхой шийдвэр заавруудыг гаргасан байна. Мөн хүүхдийн өмнө ямар асуудлууд тулгарч байгаа талаар Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүнг танилцуулсан юм. Уг судалгааг хүүхдүүд гэртээ, сургуульдаа, амьдарч буй нутаг орондоо өөрт нь өдөр тутам нөлөөлж байдаг асуудлаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдгийг мэдэх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1200 гаруй сурагчийн дунд явуулсан байна. Судалгааны дүнд үндэслэн хүүхэд бүрийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор Нийслэл, дүүргийн түвшинд хүүхдээ сонсдог өдөртэй болгох тогтоолыг баталлаа. Тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Энэ өдөр хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ хүүхдүүдэд тулгарч буй асуудал, тэдэнд чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогыг хүүхдүүд өөрсдөө дүгнэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм.
Үзсэн: 1174
Tweet