УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Тайландын төлөөлөгчидтэй уулзав
Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд, Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван "Монгол Улсыг АПЕК-т элсэн ороход бид дэмжлэг үзүүлнэ" гэлээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Тайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун нар Тайландын Вант Улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн гишүүн, Тайланд, Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ноён Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тэрбээр “2016 онд Тайландын ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават Монголд зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтад оролцсонд бид баяртай байдаг. Газар нутгийн хувьд хол ч гэлээ эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Энэ харилцааг цааш өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны парламентын харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гээд Зүүн Өмнөд Азийн гол түншийн хувьд Монгол Улсыг АПЕК-т элсэхэд та бүхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ. Ноён Косол Петчсуван хариу хэлэхдээ “Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж байна. 1997 оноос хойш тогтмол харилцан айлчлалыг хийж, хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжсөн. Монгол Улсыг АПЕК-т элсэн ороход бид дэмжлэг үзүүлж болно” гэдгийг тэмдэглээд энэ удаагийн айлчлалаар бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гарц нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд УИХ дахь Монгол, Тайландын парламентын бүлгийн гишүүд хоёр орны аялал жуулчлал, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд ноён Косол Петчсуваныг анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
Үзсэн: 1347
Tweet