Малчдын улсын зөвлөгөөн болж байна
Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгагдсан арга хэмжээний талаар малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг солилцох Малчдын улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгагдсан олон арга хэмжээг мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм.
Зөвлөгөөнийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нээж “Мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хөдөө аж ахуйн салбарын 80.0 орчим хувийг тогтвортойгоор үйлдвэрлэж хүн амыг хүнсээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангасаар ирсэн. 2010 оноос мал сүргийн тоо тогтвортойгоор өсөж, энэ жил 61,5 саяд хүрч байгааг “ онцоллоо. Зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын 800 гаруй малчин, фермер, орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна.
Үзсэн: 1168
Tweet