Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган болов
Хуульч эрдэмтдийн ур чадвар, оюуны мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд чуулганы ач холбогдол оршиж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэсэн тусгайлсан заалт орсон. Энэ хүрээнд хуульч эрдэмтдийн ур чадвар, оюуны мэдлэгийг хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндсийг улам бүр бэхжүүлж, нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.
Манай оронд 1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ хууль зүйн шинжлэх ухааны 185 эрдэмтэн төрсөн байна. Өнөөдрийн энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 160 орчим эрдэмтэн хуран цугласан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 88 настай хамгийн залуу нь 29 настай эрдэмтэн байлаа. Сүүлийн жилүүдэд Монголын хууль зүйн салбар хууль зүйн шинжлэх ухааны хөгжил өндөртэй Герман, Орос, Америк, Япон, Хятад, Унгар зэрэг олон оронд төгссөн Монгол эрдэмтдээр эгнээгээ тасралтгүй тэлж байна. Түүгээр ч зогсохгүй Монголд эрдмийн зэрэг хамгаалсан гадаадын цөөнгүй иргэн байдаг. Ийнхүү анх удаагаа хуульч эрдэмтэд нэг дор цуглаж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа энэ чуулган онцлогтой боллоо.
Үзсэн: 938
Tweet