Ханс Кристиан Андерсений шагналд хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн бүтээлүүд нэр дэвшжээ
Хүүхдийн уран зохиолд үнэтэй хувь оруулсан шилдэг зохиолч,номын зураачийг шалгаруулдаг энэ удаагийн шагналд дэлхийн 33 орны шилдэг зохиолч, зураачийг нэр дэвшүүлж байна.
Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцүүлэхүйц гэгддэг Ханс Кристиан Андерсений шагналд Монгол улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн бүтээлүүд хоёр дахь удаагаа нэр дэвшлээ. Хүүхдийн уран зохиолд үнэтэй хувь оруулсан шилдэг зохиолч,номын зураачийг шалгаруулдаг энэ удаагийн шагналд дэлхийн 33 орны шилдэг зохиолч, зураачийг нэр дэвшүүлж байна.
Ж.Дашдондог зохиолчийн ”Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”,” Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу” номыг нь Хан Кристиан Андерсений шагналд нэр дэвшүүлэхээр болжээ. 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш тэрбээр 100 шахам ном бүтээж, 30 гаруй зохиол нь гадаад орнуудад хэвлэгдсэн юм. Түүний “Аав Ээж Би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг олон сайхан гайхамшигт зохиол, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуунуудаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн. Тэрээр 24 жилийн өмнөөс өнөөг хүртэл нүүдлийн номын сан аялуулж, 137 мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдийг номоор дамжуулан хүмүүжүүлэх үйлст том хувь нэмэр оруулж яваа юм. Түүний энэ үйлсийг Монголын төр өндрөөр үнэлж, өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн Соёрхол хүртээсэн билээ.
Үзсэн: 2063
Tweet