Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-16-2024
монгол

Шинэ мэдээ

“Бид боломжуудаа давхар харах ёстой”


Densmaa 2017-05-17 03:05

Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах санаачлагыг анх гаргаж, НҮБ-ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

     Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах санаачлагыг анх гаргасан билээ. НҮБ болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны төв Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна. Судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгардаг нийтлэг асуудлаар судалгаа хийж, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, нэгдмэл байр сууриа тодорхойлох, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм. Монгол улсад байгуулагдсан далайд гарцгүй орнуудын судалгааны төвийн үйл ажиллагааны тухай танилцуулъя.

     Дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгааг тодорхойлогч нэг хүчин зүйл нь далайд гарцтай эсэх юм. Зөвхөн Монгол ч биш НҮБ-ын гишүүн зургаан улс тутмын нэг нь зах зээлээс алслагдсан, олон улсын худалдаанд оролцох боломж хязгаарлагдмал, далайд гарцгүй орон байдаг. Тэдний хувьд хамтарч асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзсээр иржээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс уг асуудлаар санаачилга, манлайлал гарган ажиллаж байна. Энэ санаачилгын үр дүнд НҮБ-ын дэргэд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын албан ёсны бүлэг байгуулагдаад байгаа юм.  

Судалгаанаас харахад, далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд дэлхийн нийтийн худалдааны дөнгөж 1.1 хувийг эзэлдэг байна. Эдгээр орны эдийн засгийн өсөлт 2010 онд 6.7 хувь байсан бол 2011 онд 5.9 болж буурчээ. Мөн далайд гарцгүй 19 оронд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллараас бага байгаа юм.

Манай улсын хувьд Далайд гарцгүй орнуудад тулгарч байгаа энэхүү хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, байр сууриа хамтран тодорхойлох, түүнийгээ баталгаажуулах шаардлагатай гэж үзэж, санаачилгыг манлайлан ажиллаж буй.

Монгол Улс далайд гарцгүй  32 улсын нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээр Казакстан улсын дараа хоёрдугаарт ордог. Далайд гарцгүй орнуудын дийлэнх нь хөгжиж буй орнуудын бүлэгт хамрагдаж байгааг харахад газар нутгийн байршил тухайн улсын хөгжилд ямар чухал ач холбогдолтой болохыг харж болно.

Дэлхийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 90-95 хувь нь зөвхөн далайн тээвэр. Хэдий чинээ далайгаас хол байна төдий чинээ холбогдон гарах зардал, цаг хугацаа, үүнтэй уялдан гарах зардлууд өсөж байдаг. Иймээс далайд гарцгүй улс орон бүр ямар нэгэн байдлаар далайд гарах гарцыг ойртуулах нөхцөл боломжийг эрэлхийлж байна. Энэ удаад “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн холбоосыг судлаж, олон улсын хурлаа хийлээ. Бид Монгол улсад ямар боломж, гарц байгаа талаар Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э.Одбаяраас тодрууллаа.

     Э.Одбаяр: Манай улс далайд гарцгүй орнуудын нэг. Гэхдээ бид боломжуудаа давхар харах ёстой. Хоёр их гүрний дунд далайд гарцгүй байгаа ч гэсэн дэлхийн хамгийн том хоёр зах зээлийн дунд байж байна. Урд хөрш маань үйлдвэрлэгч, аж үйлдвэрийн орон. Эдийн засгийн интеграцчлал буюу нэмүү өртгийн сүлжээнд хамрагдах замууд байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байна. Худалдааг хөнгөвчлөх механизмуудаа сайжруулах ёстой. Хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах. Бидэнд Лаос улсаас суралцах зүйл байна. Лаос улсын хөрөнгө оруулалтын түвшин ямар ч Засгийн газрынх нь үед өөрчлөгддөггүй. Эдний хөрөнгө оруулалтын түвшин өөрчлөгддөггүй учир Азийн хөгжлийн банк, Япон, барууны орнууд байнга хөрөнгө оруулалт хийж байдаг. Манай улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргээд олж авахад дотроо зөв зүйтэй бодлого явуулах, судлаач хүний олж харж байгаа зүйл гэвэл дотооддоо байгаа уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй гэж үздэг. 

       Далайд гарцгүй орнуудын хөгжлийн сайн жишээ олон бий. Тухайлбал, Австри, Щвейцарь, Люксембург, Чех гээд далайд гарцгүй атлаа өндөр хөгжилтэй орнууд байна. Эдгээр орны хөгжлийн сайн туршлагыг бусад улсад түгээх ажлыг Улаанбаатар хотноо байрлах Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийнхөн хийж байдаг. Жишээ нь Азербайджан улс далайд гарцгүй. Тус улс нь далайд гарцгүй 32 орондоо мэдээлэл харилцааны салбартаа тэргүүлж явдаг. Азербайджанчууд ямар оновчтой бодлого баримталснаар мэдээлэл холбооны салбараа сайн хөгжүүлж чадсан туршлагыг олон улс судлаж байна. Тус улсын интернетийн хэрэглээ нь улсынх нь хүн амын 79 хувийг хамардаг. Мэдээлэл харилцааны салбараар дамжуулан Азербайджан улс маш их амжилтанд хүрч байгааг судлаачид онцолж байв. Мөн Лаос улс нь далайд гарцгүй орон байснаа далайг далайгүй орнуудтай холбосон орон болж чадсан байна. Тус улс нь Вьетнамын далайн боомтыг үр бүтээлтэй ашиглан хөгжлийн тодорхой түвшинд хүрч чадсан нь судлаачдын анхаарлыг татаж байна.

    Өнөөдрийн байдлаар Монгол Улсын далбаатай 451 хөлөг онгоц дэлхийн өнцөг булан бүрт аялж байна. Эдгээр хөлөг онгоцны үйл ажиллагаанаас Монгол Улсын төсөвт нийт 3.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлж далайн салбарт үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг хэрэгжүүлж байна. Монгол нь далайн тээврийн салбарын эрх зүйн орчинг бүрдүүлсэн улс. Өнгөрсөн хугацаанд МУ Олон улсын 20 гаруй конвенцид нэгдэн орж үүний үр дүнд дэлхийн аль ч орны боомтод Монгол Улсын далбаатай хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэн орох эрхээр хангагдсан.

Цаашид Монгол Улс өөрийн байгалийн баялгаа далайгаар тээвэрлэн гуравдагч орны зах зээлд хүргэх таатай нөхцөл боломжийг эрэлхийлж, бэлтгэл ажлыг хийж байна. Олон улсын далайн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын далайгаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний даац тус байгууллагын гишүүн 164  орноос 62 дугаар байранд бичигдсэн нь далайд гарцгүй Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгааг харуулж байна.

Монгол Улсын хувьд Далайд гарцгүй орнуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, байр сууриа хамтран тодорхойлох, түүнийгээ баталгаажуулах шаардлагатай гэж үзэж, санаачилгыг манлайлан ажиллаж буй. Ийм орнуудын хувьд энэ бэрхшээлээ олон улсын механизмын хүчээр хамтран шийдвэрлэж, даван туулахад Улаанбаатар хотноо байгуулагдсан Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв чухал үүрэг гүйцэтгэх юм.

 

Үзсэн: 1674

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна